Uyanga Sambuu

Thursday, November 20, 2003

Шимурагийн 3-р бага сургуулиар зочилсон минь

С.Уянга
Tokyo, Japan


Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Японы Засгийн газрын урилгаар Залуучуудыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Япон орноо зочилж, тус орны түүх соёл, хөгжил дэвшилтэй танилцах азтай завшаан надад тохиосон юм. Токиогийн Шимурагийн 3-р бага сургуулиар зорчсон тэмдэглэлээ толилуулъя.

Сургуулийн хаалгаар ороход цэвэр цэмцгэр, эмх журамтай байдал угтлаа. Хаалганы хажууд байрлах шүүгээнүүд нь хаягтай байхыг бодвол сурагчдын хувцасны шүүгээ болов уу гэж бодолхийлэх зуур биднийг хүлээн авсан эрхэм захирал Тюбоно (T.Tubono) шүүгээ рүү зааваас бидний нэрийг англи болон японоор бичсэн байсан нь нүдэнд тусав. Ийнхүү гутлаа сольж аваад сургуулиар хийх аяллаа эхэллээ.

Өнгөрөгч онд 60 жилийнхээ ойг тэмдэглэсэн тус сургууль нь 3 давхар байртай. Доод давхруудад захиргаа, багш нар байрлаж, дээд 2 давхарт хичээлийн өрөөнүүд байрладаг нь сурагчдын аюулгүй байдлыг хангах зорилготой гэнэ. Энэ нь хэдэн жилийн өмнө сэтгэл мэдрэлийн өвчтэй нэг залуу Японы нэгэн сургуульд халдан орж, олон арван сурагчийн амийг хөнөөсөнтэй холбоотой аж.

Ноён Тюбоно бидний өрөөндөө хүлээн авч уулзлаа. Энгийн даруухан өрөөнд нь Ерөнхий сайд болон Асуширо их аваргын зураг, Монголын далбаа зэрэг байсан нь нүдэнд тусч, ихэд дотно санагдаж байсныг нуух юун. Бидний хувьд тус сургуульд зочилж буй эхний болоод эцсийн монголчууд биш бололтой нь эрхэм захирлын яриа, сургуулийн дүр төрхнөөс илт мэдрэгдэж байлаа. Тус сургууль нь анх манай сургуулиудад харандаа хандивлах хөдөлгөөн өрнүүлснээр байнгын харилцаа холбоотой болсон гэнэ. Ноён Тюбоно Монголд нэг удаа очиж байсан, монголчуудын зочломтгой зан их таалагдсан, боломж олдвол дахин зочилно хэмээн бидэнд ярисан юм. Ер нь Япон орноо ажил хэргийн шугамаар зочилсон хүн бүхнийг энэ сургуультай танилцуулдаг юм шиг санагдсан. Захирал нь тусдаа өрөөнд тухалж суудаггүй, бусад багш нартайгаа хамт залгаа өрөөнд суудаг нь багш нартайгаа аль болох ойр ажиллах, дэмжих, цаашилбал багшийн ажилд тодорхой хэмжээгээр хяналт тавихтай холбоотой юм уу даа гэсэн бодол төрж байлаа.

Тус сургуулийн музей, Монголын танхим, хичээлийн лабораториудаар орж хэд хэдэн хичээлтэй танилцах боломж олдсон юм. Сургуулийн музей нь жижигхэн ч Япон орны болоод тус сургуулийн түүхийг өгүүлж чадахаар үзмэртэй байлаа. Монголын танхимд шагай, морин хуур, дээл зэргийг дэлгэн тавьжээ. Энэ танхимыг тус сургуульд зочлон ирэгсдийн дурсгалын зүйлс болон багш сурагчдын хүчээр байгуулсан байна. Коридорт Монгол орны буланг байгуулж, зурагт хуудас, эд зүйлийг дэлгэн тавьсан, тааралдсан хүүхэд бүр “Сайн байна уу” хэмээн монголоор цэвэрхэн нь аргагүй мэндэлж байсан зэрэг нь цаанаа дотно санагдаж байлаа. Ингээд олныг үл нуршин зарим хичээлийн талаар өгүүлье. Хэдийгээр бид хэд хэдэн хичээлээр орсон ч хөдөлмөрийн хичээл нэлээд өвөрмөц санагдсан юм. Ангийн тохижилтийн хувьд түмэн зүйлийн ”хогоор” дүүрсэн, нэг л “новширсон” өрөө байлаа. Сав дүүрэн харандаа, эгнүүлж өрсөн савтай цавуу, ханын тавиур дүүрэн цаас, савтай будаг, ундааны хоосон лааз, ширээн дээгүүр хөглөрөх элдэв зүйлс... Мэдээж дээр нь ангиар чөлөөтэй явж, ярьж буй хүүхдүүдийг нэмбэл уншигч авхай танд манайхнаас нэг л өөр зураг буух буй заа. Тийм ээ, үнэндээ дэндүү замбараагүй гэмээр энэ бүхний цаана хичээл явагдаж байлаа. Бэлэн хоолны болоод нэг удаагийн хоолны сав, ундааны лааз, чихрийн хайрцаг гээд төрөл бүрийн зүйлээр хүүхэд ганцаараа болон хамтран төрөл бүрийн зүйл хийж байлаа. Охидууд гал тогооны тавилга, гар цүнх, бяцхан хүүхэлдэйдээ хувцас хийж байхад хөвгүүд машин, бүхэл бүтэн орон сууцны барилга тэр ч бүү хэл сансарын хөлгийг ойр зуурын материалаар хийж байлаа.
Бас нэг сонирхолтой хичээл бол амьдрах ухааны хичээл байв. Тодорхой сэдвийн дагуу хүүхдүүд бие даан судалгаа хийнэ. Товчоор хэлбэл, бидний мэдээлэл зүйн боловсролын шинэ стандартад тусгахыг зориод байгаа зарим зүйлс, тухайлбал мэдээлэлтэй ажиллах, боловсруулах зэрэг нь хэдийнэ биеллээ олсон санагдсан. Хүүхдүүд хэрэгцээт мэдээллээ төрөл бүрийн аргаар цуглуулж, өөрийн хэр хэмжээнд тохирсон судалгаа явуулна, дараа нь боловсруулалт хийгээд багш ангийн хамт олондоо танилцуулна. Сурагчдын хийсэн ажлууд ангийн ханаар дүүрэн наалттай байв.

Миний хувьд мэдээлэл зүйн сургалтыг ихэд сонирхож байсан тул компьютерийн лабораторитой танилцахыг яарч байлаа. Бага сургуулийн жишгээр ангийн багш нь бүх хичээлийг ордог хэдий ч дуу хөгжим болон компьютерийн хичээлийг мэргэжлийн багш дагнан ордог байна. Биднийг компьютерийн лабораторид ороход 2-р ангийн цөөн тооны хүүхдүүд хичээллэж байв. Ямар сэдвээр хичээл орж байгаа, ер нь сургалтын агуулга нь ямар байдаг талаар сонирхвол компьютерийн хичээл бага ангид маш цөөхөн цаг ордог, 7 хоног бүр ордоггүй, жилдээ хэдхэн цаг ордог, гол нь хүүхдүүдийг компьютертэй ажиллаж сурахад анхаардаг гэнэ. Лабораторид сууж буй хүүхдүүд гол төлөв Интернэтийг, тодруулбал, Yahoo (япон хэлээр) ашиглаж байгаа харагдлаа. Ер нь компьютерийн лабораторийг компьютерийн хичээлд бус бусад хичээлийн хэрэглүүр болгон ашигладаг бололтой. Хэдийгээр миний бие сургалтын агуулгын талаар нэлээд сонирхож байсан боловч агуулгатай холбоотой миний асуултыг орчуулагч маань ойлгоогүй буруу орчуулсан уу, эсвэл багш нь ойлгоогүйнх юм уу, ямартай ч хүссэн хариултаа авч чадалгүй сэтгэл гонсгор гарсан билээ. Компьютерийн лабораторийн хувьд 20 ширхэг Pentium III компьютертэй, сканер, принтер болон хувилагч машинтай, нэлээд тохилог. Хүүхдүүд өөрсдөө хэрэгцээт зүйлээ хэвлээд авч яваа харагдсан.

Хэдийгээр цөөн хүүхэдтэй, бага сургууль ч гэлээ эмчээс гадна сэтгэл зүйч ажилладаг нь ихэд өвөрмөц санагдлаа.

Цайны цагаар сурагчдын хоолоор биднийг дайлав. Ингээд бид хүүхдийн дуу цангинасан эрдмийн өргөөг орхин гарлаа. Токио хотын бага сургуулиар зочилсон хагас өдрийн аялал бидэнд ихийг бодогдууллаа. Хүүхдүүдийн чөлөөт сэтгэлгээг багаас нь хөгжүүлэх, хамтран ажиллах болон амьдрах ухаанд сургахаас (орчуулагч маань нэгэнтээ япон хүүхдүүд амьдралаас “тасархай” болж байгаа, наад зах нь мах хэрчих гэсэн ойлголт байхгүй хэмээн эмзэглэн ярьж байсан юм) гадна хаягдал цаасыг багш нар ээлжлэн цуглуулж тушаадаг зэрэг жижиг гэлтгүй бидэнд авахууштай, анхаарууштай зүйл их байна.

Энэ сургуулийнхантай дараах хаягаар холбоо барьж болно.
83-1 Shimizu-cho, Itabashi ku, Tokyo, Japan