Uyanga Sambuu

Monday, June 25, 2001

Дорнод аймагт зорчсон тэмдэглэл

Түрүүч
Зарим нөхөд маань хүндэтгэх шалтгааны улмаас монголд хараахан ирж амжаагүй байсан учраас бид долуул (Bo Goransson, Merlita Opena, Ricardo Varela, Senthil Kumaran, Roger Harris, Б.Наранцэцэг, С.Уянга) Дорнод аймгийг зорилоо. Онгоц маань замдаа Хэнтийгээр дайрч, шороон зурвас дээр буухад зарим нөхөд маань аваарын буулт хийлээ хэмээн “бяцхан сандарсныг“ эс тооцвол онцын адал явдалгүй Чойбалсан хотноо буулаа. Биднийг Дорнод аймгийн Интернэт Мэдээллийн төвийн захирал Л.Идэрзана, менежер Б.Энхбаатар нар тосон авлаа.

Дорнод аймгийн талаар товчхон
Дорнод аймаг нь 125 мянган кв метр газар нутагтай, 78000 хүн амтай. 14 сум, 830 мянган толгой малтай. Аймгийн төв Чойбалсан хот 42000 оршин суугчтай. Нийт хүн амын 70 орчим хувь нь хүүхэд залуучууд. Тус хот ХАА-н эрдэм шинжилгээний хүрээлэн, ХААИС–ийн салбар, Монгол Мэдлэгийн Их Сургуулийн Дорнын салбар, УБИС харъяа Багшийн коллеж, МИСҮТөв /2/, ЕБС-ийн 12 сургуультай. ОХУ руу байнгын гарцтай, Хятад улс руу улирлын гарцтай. Урьд нь тус аймаг 7 үйлдвэртэй харьцангуй үйлдвэржсэн аймаг байсан боловч зах зээлийн үед 5 үйлдвэр хаалгаа барьжээ. Өдгөө зогссон үйлдвэрүүдийг хэсэгчлэн ажиллагаанд оруулж байна. Албан бус мэдээгээр 15000 хүн (5 хүн тутмын нэг нь) ажилгүй. Монголын хөгжлийн Зүүн бүсийн төв болон хөгжих ойрын ирээдүйтэй.

Чойбалсан хот орох замд
Дорнод аймгийн нисэх онгоцны буудлын хажууд олон улсын онгоцны нөөц буудал байгуулах ажил эхэлсэн байв. Нисэх онгоцны буудлаас хотын зүг явахад холоос эгнэн жагссан орон сууцны барилгууд нүднээ тусч байлаа. Гэвч нэлээд ойртоход эдгээр арваад байр нь орон сууц биш, хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон хүмүүсийн ам дамжин харуусан ярьдаг оросын цэргийн хуарангийн балгас байв. Авч болох бүхий л зүйлийг нь аль хэдийнэ тоносон эдгээр барилгыг хараад “Даанч дээ, өөд нь татаад ашиглаж болоогүй юм байх даа. Хайран юм” гэж харуусах сэтгэл төрж байсныг нуух юун. Хожим энэ талаар нутгийнхнаас асуухад “Бид ашиглах гэж янз бүрээр л үзсэн. Айлууд нүүж ороод хэт хүйтэн байсан учраас аргагүйн эрхэнд гарцгаасан. Халаалтыг нь бид дийлэхгүй юм байна лээ. Орос ах нар мазутаар халаадаг байсан. Бид өндөр үнэтэй мазутыг ашиглаж дийлэхгүй учраас яах ч арга алга. Тэгээд ч хотоос хол. Эдгээр барилгуудыг энэ хэвээр нь ашигласанд орвол зөөгөөд шинээр барьсан нь дээр” гэж ярьж байлаа. Нийслэлчүүд бид ч гэсэн зарим үед гэртээ дах дэгтий өмсөх нь холгүй даарч, зутруухан өвөлждөг хэдий ч орон гэрээсээ дайждаггүй билээ. Нэгэнт л босгосон барилгыг яаж ч бодсон өөд нь татаад, ашиглаж болмоор санагдана. Ядаж л зуны гурван сардаа гадаад дотоодын жуулчид, амрагчдыг хүлээн авдаг амралтын цогцолбороос эхлээд улирлын чанартай ажил үйлчилгээ явуулахад ашиглаж болоогүй юм байх гэж бодогдож байлаа. Ер нь Чойбалсан хотын зүг явахад цэргийн сургуулилтын зориулалттай нуувч, талбай зэрэг объектууд тааралдаж, хайран газар, хайран байгаль хэмээн харуусах сэтгэл төрж байлаа.

Зочид буудалд
Биднийг аймагтаа л гайгүй үйлчилгээтэйд тооцогддог (наян чавганц уралдвал нэг нь түрүүлдэг гэсэн үг байдаг даа) То Ван хувийн зочид буудалд буулгалаа. Гадаадын жуулчдын оргил цагаар очсон учраас биднийг мөнгөө хэрхэн үрэхээ мэдэхгүй байгаа баян жуулчид (уг нь бид ажлаар явж байгаа) гэж бодсон бололтой, нөгөө л гадныхнаас ахиухан мөнгө саах гэсэн сэтгэлгээгээр хандаж, нэг ор 20-25 ам.доллар, нэг өрөөнд хоёулаа орвол 40-50 ам.доллар (хачин юм даа, уг нь хямдармаар юм, гурван одтой зочид буудлын үнэтэй дүйцэж байгаа биз) хэмээн “үнэрхэв”. Гэвч эцэст нь хажуугийн буудал руу явчихаас айсан буудлын үйлчлэгч буулт хийж, нэг хүнийг 20-25 ам.доллараар нэг өрөөнд оруулахаар боллоо.

Интернэт Мэдээллийн төвөөр
Ингээд л бид буудалдаа орж, бяцхан төвхнөж аваад (буудлын үйлчилгээ үнэндээ тохироогүй тааруухан байсныг хэлэх нь зүйтэй болов уу) өглөөний 11 цагт аймгийн номын санд байрлах Интернэт Мэдээллийн төвөөс ажлаа эхэллээ. Дорнод аймгийн Интернэт Мэдээллийн төв нь МННХ(Соросын сан)-ийн санхүүжилтээр орон нутгийг Интернэтэд холбох төслийн хүрээнд байгуулагдсан төв юм. 5 компьютертэй (нэг нь жагсаалаас гарсан), 2 ажилтантай тус төв нь анх байгуулагдсан цагаасаа хойш давхардсан тоогоор нийт 7000 гаруй хүнд үйлчилсэн бөгөөд МННХ(Соросын сан)-ийн эрхийн бичиг, аймгийн ЗДТГ-ын зөвшөөрлийн дагуу дунд сургуулийн багш, эмч нарт үнэгүй үйлчилгээ үзүүлдэг байна. Үйлчлүүлэгчдийн дийлэнх хувь нь и-мэйл ашигладаг. Өнгөрсөн хугацаанд Интернэт, и-мэйлийн үйлчилгээ, анхан, дунд шат, Интернэтийн сургалт явуулахаас гадна dial-up холболтоор 10 гаруй байгууллагыг Интернэтэд холбож үйлчилгээ үзүүлж байгаа ажээ. Сүүлийн үед Вэб хуудас боловсруулах болон зургийн программын сургалтыг зохион байгуулж, Вэб хуудас хийх ажил эрчимтэй явагдаж байна. Тус төвийн ажилтнууд өнгөрсөн онд Улаанбаатар хотын Интернэт ба Мэдээлэл төвийн ажилтнуудын хамтаар аймгийнхаа Вэб хуудсыг (www.mol.mn/dornod) хийж, Интернэтэд байрлуулсан билээ. Энэхүү Вэб хуудас нь орон нутгийн анхны Вэб хуудас байсан юм. Өдгөө хэд хэдэн Вэб хуудсыг өөрсдийн хүчээр хийгээд байгаа аж. Биднийг очиход ажил үйлчилгээ ид оргил үедээ явагдаж байлаа.

Интернэтийг хөдөө орон нутагт түгээгч
Өнөөдөр Дорнод аймагт компьютер, Интернэт содон зүйл байхаа хэдийнэ больжээ. Харин энэ төв байгуулагдахаас өмнө ямар байсан бол? Тус төвийн менежер Б.Энхбаатар “Бид өөрсдөө анх Интернэт гэж юу байдгийг, энэ талаар ямар ч ойлголтгүй байсан. Анх Улаанбаатар хотод очоод Интернэт ба Мэдээлэл төвд компьютерийн анхан шатны сургалтаас эхлээд л сурч эхэлсэн дээ. Бидэнд техник хангамжийн асуудал дээр ДатаКом компани, үйл ажиллагааны тал дээр Интернэт ба Мэдээлэл төв тусалж, хамтран ажилладаг. За тэгээд ямар нэгэн асуудал гарвал и-мэйл бичих юм уу, чаталж гарна даа. Өнөөдөр манай аймагт Интернэт тодорхой түвшинд хэрэглээ болж чадсан” гэж ярилаа. Тус төвийнхэн үйлчилгээ явуулахаас гадна бусад аймгуудын Интернэтийн төвүүдтэй ихээхэн холбоотой ажилладаг. Үүний тод жишээ бол Интернэт ба Мэдээлэл төвөөс зохион байгуулсан “Шинэ зууны эзэд”, “Төрийн түшээ” Интернэт ярилцлагуудад аймгийнхаа залуучууд, байгуулагуудыг зохион байгуулж оролцдог явдал юм. Түүгээр үл барам бусад Интернэтийн төвүүдтэй хамтран аймгийн засаг дарга нарыг оролцуулж, Интернэт ярилцлага зохион байгуулсан байна. Ер нь аливаа асуудлыг, зохион байгуулах арга хэмжээний талаар бусад Интернэтийн төвүүдтэй харьцахдаа гол төлөв чатыг ашигладаг гэнэ. Гэвч төвийн үйл ажиллагаатай бүрэн танилцаж хараахан амжаагүй байтал аймгийн засаг даргатай уулзах цаг болж, бид төвийг орхилоо.

Аймгийн ЗДТГазарт
Ингээд 12 цагт аймгийн засаг даргатай уулзахаар аймгийн захиргаанд ирлээ. Засаг дарга эзгүй байсан учраас биднийг ЗДТГ-ын дарга Н.Хүрэлбаатар хүлээн авч уулзлаа. Тэрээр аймгийнхаа талаар товч танилцуулаад мэдээлэл холбооны технологийг хөгжүүлэх талаар “Аймгийн захиргааны зүгээс сумдад мэдээлэл хүргэх асуудал дээр ихээхэн анхаарал хандуулж байна. Бидний хувьд байнгын эрчим хүчний асуудал ихээхэн хүндрэлтэй байна. Холбооны шинээр нэвтрүүлэх системд сумдууд хамрагдаж байгаа. Одоогоор хоёр сум 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэх төслийн хүрээнд төвийн эрчим хүчинд, хилийн хоёр сум ОХУ-аар дамжуулан, 6 сум JICA-аар дамжуулан цахилгаанаар холбогдохоор төлөвлөгдөж байна” гэж ярилаа.

Бидний хамгийн их сонирхож байсан асуудал бол тус аймгийн Интернэт Мэдээллийн төвийн цаашдын хувь заяа байлаа. Үүсэн байгуулагдсан цагаасаа хойш бишгүй л зүйлийг хийж, бас ч гэж хийх бүтээх, шинийг эрэлхийлэх хүсэл эрмэлзлэлээр дүүрэн байгаа, өөрийн гэсэн хэрэглэгчтэй болж чадсан энэ төвийн хувь заяаг МННХ(Соросын сан)-д даатгаад орхих уу, зөнд нь орхиод оросын цэргийн ангийн балгас шиг яйран болгоод хаях уу, аль эсвэл боломжийн хэрээр арчлан тордоод аваад явах уу гэдэг асуудал бүхнээс чухал байлаа. Энэ нь төслийн хугацаа дуусч буйтай бидний хийсэн аялал давхцанд бус ердөө л хөгжиж буй аль ч оронд төслийн хүрээнд байгуулагдсан иймэрхүү төвүүдийн цаашдын бие даан оршин тогтнох асуудал ижил байдагт оршиж байлаа. Өнгөрсөн онд Малайз улсад болсон олон улсын Pantleg семинарын үед eBario тосгонд зочлох үед санхүүжилт дуусвал цаашид яах вэ гэсэн асуудал яригдаж байсан. Иймээс энэ асуудал бол Соросын сан байхгүй бол, санхүүжүүлэхгүй бол бид яах вэ гэж гайхшаа барсан манай хэдэн Интернэтийн төвийнхний асуудал биш, хөгжиж буй орнуудын амьдралын хэв маяг, байгаль, цаг уур нь өөр өөр гэсэн ч тавигдаж буй асуудал, бэрхшээл нэг гэдгийг ойлгон хамтран шийдэл олох нь чухал гэдгийг ойлгох хэрэгтэй. Чухамхүү энэ асуудлын улмаас Pantleg ажлын хэсэг бодит байдалтай танилцаж, харилцан суралцаж, туршлага солилцож, дүгнэж, шийдэл олох зорилготойгоор ажилладаг билээ.

“Санхүүжилт зогссоны дараа АЗДТГ энэ төвд ямар дэмжлэг үзүүлэх вэ?” гэсэн бидний асуултанд Хүрэлбаатар дарга “МННХ (Соросын сан)-аас биднийг цаашид Интернэтийн холболтын төлбөр сарын 800 ам.долларыг төлж чадвал тоног төхөөрөмжийг үлдээнэ гэсэн тул энэ асуудлыг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэж, төсөвт тусгахаар болсон. Гэвч манай аймгийн хувьд энэ нь хүндрэлтэй байгаа учраас төлбөрийн хагасыг МННХ (Соросын сан)-аас гаргуулах хүсэлтийг тавьж байгаа. Үлдэх хэсгийг төлбөрт үйлчилгээгээр хаах боломжийг ч авч үзэж байна” гэж ярилаа. Ямартай ч Интернэт Мэдээллийн төвийн үйлчилгээ тус аймгийн оршин суугчдад төдийгүй удирдлагад хүрсэн нь, Интернэт, и-мэйл хэрэгтэй зүйл болж, тодорхой түвшинд хэрэглээ болсон нь бидэнд мэдрэгдэж байлаа. Бусад Интернэтийн төвүүдийн байдал (Баянхонгор, Өмнөговь аймгуудын Интернэтийн төвүүдийн төслийн хугацаа дуусч байгаа) ямар байгааг мэдэхгүй ч гэлээ ядаж л Соросын сан санхүүжилтээ зогсоосон ч гэсэн Дорнодын Интернэт Мэдээллийн төвийг дэмжих, туслах, авч явах хүмүүс байгааг бид мэдлээ.

Интернэт Мэдээллийн төвөөр дахин зочлохуй
Ингээд өдрийн 14.00 цагт Интернэт Мэдээллийн төвөөр дахин зочиллоо.

Интернэт клуб-шинэ санаа, эрч, хүч, хүсэл эрмэлзлэл
Интернэт Мэдээллийн төвөөр зочлоход ижил хувцасласан охид ихэд содон харагдаж байлаа. Энэ бол тус төвийн дэргэдэх Интернэт клубын гишүүд. Тус клуб нь энэ оны дөрөвдүгээр сард тус төвийн ажилтан Б.Энхбаатарын санаачлагаар Б.Эрдэнэчимэг ахлагчтайгаар анх байгуулагдсан бөгөөд олон нийтэд Интернэтийн ач холбогдлыг таниулж, амьдралын хэрэгцээ шаардлагатай уялдсан бодит хэрэглээг өргөжүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Вэб хуудас боловсруулах, мэдээлэл боловсруулах, сурталчилгаа-судалгааны гэсэн гурван хэсэгт хуваагдан ажилладаг. Дашрамд сонирхуулахад одоогоос хэдэн жилийн өмнө Улаанбаатар хотын Интернэтийн олон нийтийн төвд Интернэт клуб ажилладаг байсан бөгөөд гишүүд тодорхой хугацааны туршид хамрагдаж, хүсэл сонирхлоороо харилцан суралцдаг байсан юм. Харин энэ клубынхэн бол огт өөр байлаа. Бидэнд тэдний ярианаас мэдрэгдэж байсан гол зүйл бол хамтач байдал, шинийг эрэлхийлж, суралцах, хийе бүтээе гэсэн хүсэл эрмэлзлэл байлаа. Тус клубын гишүүд чөлөөт цагаараа сайн дураараа ажилладаг. Үнэхээр бүгдийг мөнгөөр хэмжих болсон зах зээлийн өнөө үед сайн дураараа, цалин хөлсгүй, тэр тусмаа сэтгэл гарган ажиллаж буй эдгээр залуучуудыг хараад бахархах сэтгэл төрж байлаа. Клубын Вэб хуудсанд http://mail.dornod.mn/users/iclub/index.htm хаягаар хандаж болно.

Орших уу, эс орших уу?
Зуун удаа сонсохоор нэг удаа үз гэдэг. Миний бие нь МННХ (Соросын сан)-ийн санхүүжилтээр байгуулагдсан дээрх төвүүдийг мэдээллийн төв маягаар бус, ердийн Интернэт кафе маягаар ажилладаг хэмээн нэлээд шүүмжлэлтэй ханддаг нэгэн билээ. Гэвч бодит байдалтай танилцаад ташаа ойлголттой явснаа мэдлээ. Өчнөөн тоног төхөөрөмж, ажилтнуудтай атлаа хийж бүтээсэн зүйлээр маруухан байгууллага бишгүй л байдаг. Харин хуруу дарам компьютертэй хэдий ч үйлчлэгч, багш, нярав, нябо, дарга даамал гээд хэд хэдэн “хос мэргэжлээр” ажиллаж байгаа энэ төвийн хоёр ажилтныг хараад эднийг жаахан дэмжээд өгдөг ч болоосой гэсэн сэтгэл төрж байлаа.Өдгөө Орон нутгийг Интернэтэд холбох төслийн хугацаа дуусаж байгаа бөгөөд энэ төвийн хувьд дээрх төслийн хүрээнд байгуулагдсан бусад төвүүдийн нэгэн адил цаашид орших уу, эс орших уу гэсэн асуудал тулгараад байгаа билээ. Энэ оны зургаадугаар сарын нэгнээс эхлэн тэтгэлэг зогссон учраас үйлчилгээгээ төлбөртэй (цагийн 600 төгрөг) болгосон байна. Гэсэн хэдий ч 2 сургууль төлбөргүй үйлчлүүлсэн хэвээр байгаа аж. Интернэт холболтын сарын төлбөр нь 800 ам.доллар бөгөөд хэдийгээр төлбөрт үйлчилгээнд шилжсэн ч энэ зардлыг хааж чадахгүй нь ойлгомжтой.

Номын сангаар
Интернэт Мэдээллийн төвийнхэн маань БНОУС-ний гишүүд, дунд сургуулийн багш сурагчидтай уулзалт зохион байгуулахаар бэлдсэн байлаа. Интернэт, и-мэйлийг бодит хэрэглээ болгоход Чойбалсан хотын 2-р сургуулийн захирал Д.Алтанцэцэг ахлагчтай БНОУС-ний орон нутгийн багийнхан багагүй үүрэг гүйцэтгэжээ. Багш, сурагчдын ярьж байгаагаас үзэхэд Интернэт, мэдээлэл холбооны технологи, шинэ мэдээ мэдээллийг бүхнээс чухалчилдаг нь мэдэгдэж байлаа. Үүний тод жишээ нь тус аймгийн V сургуулийн тавдугаар ангийн сурагч Б.Төрхүү (сурагч Б.Төрхүүтэй хийсэн бичил ярилцлагыг сэтгүүлийн ??? нүүрнээс уншина уу) “Интернэт-бидний ирээдүй” хэмээх дууг зохиож, энэ нь хүүхдүүдийн дуулах дуртай дуу болсон байлаа. Хүүхдүүд бидэнд дууныхаа дээжийг өргөж, халуун дотноор ярилцав. Дараа нь бид номын сангийн үйл ажиллагаатай танилцаад гарахад 19 цаг өнгөрсөн байлаа.

Хэрлэн голын хөвөөнд
Үүгээр энэ өдрийн ажил дууссангүй. Биднийг аймгийн номын сан, Интернэт Мэдээллийн төвийнхэн Хэрлэн голын хөвөөнөө урьж, оройн зоог барилаа. Энэ үдэш халуун дотно яриа, хөгжөөн, дуу хуураар дүүрэн байлаа. Дашрамд дурдахад найзуудын маань бэлтгэсэн хорхог “янзын” амттай байсан бөгөөд манай нөхдүүд ч нэлээд идсэн (хурцдаж сүйд болох вий гэж бодсон боловч зүгээр байсан шүү) билээ.

Онгоцны буудал дээр
Цэвэр агаарт нам цохиулж, сайхан амарсан бид буудлын үйлчлэгчээс царай алдан байж, “түүхий” өндөг идсэн болоод, бас дээр нь өглөөний цайны мөнгө нэмж төлөөд онгоцны буудлын зүг яаравчлан одлоо. Онцлон хэлэхэд Дорнодод очсон хүний хувьд Улаанбаатар хот руу буцах онгоцны суудал тавиулна гэдэг бол “маш том” бөгөөд “хэцүү” ажил байдаг юм байна. Чухамхүү энд л “Гуйлгана гэдэг гайхамшиг, гуйна гэдэг гутамшиг” гэдэг үг бодит биеллээ олж, МИАТ-ийн Дорнод аймагт суугаа төлөөлөгч залууг гуйсан, аргадсан хүмүүс л их байж, тэр хүн “Бор гэртээ Богд, хар гэртээ хаан” гэгчийн сүрийг үзүүлж, “Чадаж байгаа юманд арга байхгүйг” нотлон харуулж байсныг онцлох нь зүйтэй болов уу. Сарын өмнө билетээ захиалж, очих, буцах билетээ худалдан авсан бидний хувьд ямар нэгэн асуудал байхгүй гэсэн нь талаар болов. Хамгийн сонирхолтой нь төлөөлөгч Намбатаас учрыг лавлахад бидний суух тасалбаргүй хоцорч байгаа нь тус салбарын компьютер (компьютер нь тааруу учраас холбогдож болохгүй байгаа аж) Интернэтэд холбогдоогүй, Интернэт Мэдээллийн төвийнхөн холбож өгөөгүйд (Интернэт үнэхээр хэрэглээ болсон байна шүү) байгаа ажээ. Энэ нь МИАТ-т ажлын хариуцлага, зохион байгуулалт үнэхээр сул, дороосоо ялзарсныг харуулж байлаа. Билеттэй атлаа суудалгүйн улмаас онгоцны буудал дээр хаягдаж хоцорсон хүний гашуун сургамжаас мэдсэн бид Улаанбаатар хотоос нисэхдээ л МИАТ-ийн ээлжийн зохицуулагч, даргатай “нэлээд ярьж”, асуудлыг зохицуулсан хэдий ч золтой л буудал дээр торойн (мөнгийг нь төлөөд билет худалдан авчихаад байхад суудал нь байдаггүй гэсэн чинь юу гэсэн үг вэ? Суудал байхгүй бол билетээ худалдахгүй байх хэрэгтэй бус уу) үлдсэнгүй. Хот явах танилынхаа суух тасалбарыг “булаах“ холгүй авч (түмэнтээ уучлалт гуйя), арай чүү онгоцондоо суулаа. Гэвч адал явдал үүгээр дууссангүй. Суух тасалбарыг нь авсан хүн маань танилынхаа охиныг Улаанбаатарт байгаа ээжид нь хүргэх үүрэгтэй байж. Ингээд л миний хувьд энэхүү амаргүй албыг гүйцэтгэх болж, манай нөхдүүдийн хувьд танихгүй хүнээр үр хүүхдээ дайж явуулахыг хараад “ухаан алдахыг” шахацгаав. Энэ бол бидний хувьд байдаг л явдал. Харин хэд хоногийн өмнө Улаанбаатар хотоос дайж явуулсан хүүхэд Хэнтийд түр зогсоход Дорнодод ирлээ хэмээн андуурч төөрч үлдсэн байна. Монголчууд бид хэнэггүй гэхэд хэтэрхий хэнэггүй хүмүүс шүү. Ийнхүү уур уцаар, авхаалж самбаагаа шавхан байж, нэлээд адал явдалтайгаар онгоцондоо сууж авлаа. Харин онгоцон дотор том, том “туулайнууд” байсан шүү.

Хэнтийгийн онгоцны буудал дээр
Гэвч онгоц маань Улаанбаатар хот руу шууд ниссэнгүй. Замдаа Хэнтий аймгаар дайрахаар боллоо. Ингээд л цаг орчим нисээд газардлаа. Энд хэдэн минут зогсох нь ч тодорхойгүй байж байтал онгоцны үйлчлэгч эмэгтэй “ачаагаа бушуухан ач, би өлсөж байна, хоолонд ормоор байна” гэхээр нь ашгүйдээ шуурхай нисэх нь гэж баярлатал харин ч онгоцны багийнхан бор ходоодоо борлуулахаар гараад алга болов. Харин бид? Ус уугаад л хэзээ нисэхийг (уг нь хуваарь гэж юм байдаг баймаар санж) нь хүлээгээд сууж байлаа. МИАТ-ийн энэ удаагийн нислэгээр уур уцаар, аргаа барсан нь зөвхөн бид хэд биш бололтой. Хэнтийгээс нэг гадаад хүн суухад яриа өрнөвөл Хөвсгөл явах байтал Хэнтий рүү нисчихсэн, одоо буцаж Улаанбаатар хот руу явахаар зэхэж байгаа аж. Бас л МИАТ-ийн ажлын хариуцлага тэг байгаагийн жишээ. Хэл, бичиг мэдэхгүй хүн андуурч будилж болно, харин шалгадаг, хянадаг хүмүүс нь юу хийдэг байнаа? Үнээ нэмсэн ч үйлчилгээгээ сайжруулдаггүй МИАТ-ийнхэн ядаж л үйлчилгээнийхээ төлбөрт тохирсон үйлчилгээ явуулдаг баймаар юм. Эцэст нь түжигнэж, түжигнэж (хот руу ачаа бараа дайж буй бололтой) нэг юм нийслэл хотын зүг нислээ. Ийнхүү “эсэн мэнд” Улаанбаатар хотноо газардлаа. Дорнодод зорчсон тэмдэглэлдээ үндсэн ажилтай маань холбоогүй иймэрхүү аар саар зүйлийг бичсэнд уншигч таниас хүлцэл өчье. Гэхдээ энэ бол бидний аялалын нэгээхэн хэсэг, магадгүй хамгийн хөгжилтэй хэсэг нь ч байсан байж магадгүй. Ямартай ч бид үзэх зүйлээ үзэж, хэрэгцээт мэдээллээ цуглуулж, туршлагаа солилцож, дүгнэлтээ хийсэн. Ялангуяа Интернэт клубын үйл ажиллагаа бүхний анхаарлыг татсан шүү.

Биднийг Дорнод аймагт ажиллахад гүн туслалцаа үзүүлсэн, хамтран ажилласан Интернэт Мэдээллийн төв, Номын сан, аймгийн захиргаа болон нийт багш, сурагчдад гүн талархал илэрхийлье.

Дараах

3 Comments:

  • At 1:46 AM, Blogger Tulgaa said…

    Nutgiin tuhai sonsohod dajgui bna shuu.ene olon jiliin omno bolson zuil bna odoo ch tuuh bolj dee

     
  • At 3:17 AM, Blogger HULAN said…

    хамгийн хачинд нь орчоод галиглачхиймаа ,,,, ГАнхэнрлэн Ольхон Чадангууд гээл зөндөө л бгаст мөнгө чинь чинь хүрээгүй болхоор ороогүүмуу чадалгүй бээжийж битгий тэгээ за ,,, алиа ен ,,, гүүглээр хайсс чинь гараад ирэхээр нь уур хүрдэг сс ,,,

     
  • At 3:17 PM, Blogger Unknown said…

    Dornodnutag club, Dornod FB™, Дорнодын Оюутан Залуучуудын Нэгдсэн Холбоо, Dornod Nutag гэсэн Дорнодтой холбоотой account ба page-ийг нэгтгэж НЭГ болговол мэдээ мэдээлэл тараахад нийтлэхэд амар байх болов уу. Бусад админуудтай холбоо барина уу Дорнодчуудаа. Увс Ховдынхон ГАНЦХАН л page-тэй л байна

     

Post a Comment

<< Home