Uyanga Sambuu

Wednesday, October 02, 2002

Олон Улсын Програм Хангамжийн Технологийн Институтэд

С.Уянга
UNU/IIST, Macau


Нэгдсэн Үндэстний Их Сургуулийн (UNU/United Nations University) дэргэдэх Олон Улсын Програм Хангамжийн Технологийн Институт (IIST/International Institute for Software Technology) нь хөгжиж буй орнуудад компьютер, програм хангамжийн ухааныг хөгжүүлэхэд туслах зорилготойгоор програм хангамжийн инженер, эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтэн багш нарыг төгсөлтийн дараах сургалтанд хамруулахад гол анхаарлаа төвлөрүүлж, доорх үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнд, хөгжиж буй орнуудын компьютерийн салбар, тэнхмийг хөгжүүлэх зорилгоор их дээд сургуулийн компьютерийн ухааны багш нарт сургалт зохион байгуулах, тэдний эрдэм шинжилгээний ажлыг дэмжин туслах, олон улсын хэмжээнд холбоо тогтооход туслах, тус сургуульд суралцуулах, их дээд сургуулиудтай хамтарч төсөл хэрэгжүүлэх, судалгаа явуулах, компьютерийн системийг хөгжүүлэх, загварчлахад хийсвэр аргыг ашиглах зэрэг болно. Хөгжиж буй орнуудын их сургуулиудаас ирсэн хүсэлтийн дагуу тухайн оронд өөрийн багш нарыг илгээж, шаардлагатай сургалтуудыг зохион байгуулж, улмаар тухайн сургуулийн багш нартай харилцан ярилцаж, сургуулийн удирдлагатай харилцан зөвшилцсөний үндсэн дээр шаардлага хангасан багш нараас сонгон шалгаруулан сургалтанд хамруулахаас гадна эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжин туслах зорилгоор тухайн чиглэлээр ажиллуулдаг. Өнгөрсөн хугацаанд тус институтээс манай оронд хэд хэдэн сургалтыг зохион байгуулснаас гадна 10 гаруй мэргэжилтнүүдийг Макао дахь институтдээ урин ажиллуулсан билээ.

Миний бие нь 2002 оны аравдугаар сараас 2003 оны дөрөвдүгээр сар хүртэл 7 сарын хугацаатай тус институтэд докторын дараах эрдэм шинжилгээний ажил хийсэн юм.

Бидний дийлэнх маань Макаог казиногоо дагаад нийгмийн хамаг л болдоггүй бүхэн байдаг мэтээр төсөөлж, охид бүсгүйчүүдийг хил давуулан дамлан аваачдаг нэг л “аймаар” газар гэж боддогоос бус аялал жуулчлал хүчтэй хөгжсөн, тэр дундаа програм хангамжийн технологийн эрдмийн уурхай байдаг гэдгийг мэддэггүй гэхэд нэг их хилсдэхгүй л болов уу.

Улаанбаатараас Бээжингээр дайрч монголчууд бидэнд “казино” гэсэн тодотголтой Макаог зорилоо. Онгоцны буудлаас гармагц бөгчим халуун агаар угтлаа. Сэрүүний улирал эхэлсэн тул бас ч гэж гайгүй байгаа нь энэ гэнэ, харин зуны саруудад бол шатам халуун байдаг бололтой.

Макао нь 25,8 км кв газар нутагтай, 436,7 мянган хүн амтай (2003 оны байдлаар), Макао, Тайре, Колоане гэсэн 3 жижиг арлаас бүрдэнэ. Албан өсны хэл нь хятад, португаль.

Угтан авагч маань намайг Холланд Гарденд байрлах байранд маань авчирлаа. Тус сургуулийн бусад суралцагчдын (Fellow) нэгэн адилаар бүрэн тавилгатай 3 өрөө сууцанд Макао дахь амьдралаа эхэллээ. Байранд шинээр ирэгсдэд зориулж хэрэглээний наад захын зүйлсийг нэг бүрчлэн бэлдсэнээс гадна Макаогийн болон ОУПХТИ-ийн талаарх багц материал байв. Маргааш өглөө нь угтан авагч маань өглөөний хоолонд оруулаад сургууль руу хамт явлаа. Нарийхан гудамжнуудыг дамжин явж нэгэн толгодын оройд байрлах сургуульдаа ирлээ. Хэдийгээр сургууль, байр 2 маань ойр, 10-15 минут алхаад орчихдог байсан ч эхний 7 хоног төөрчихсөн юм шиг байсныг нуух юун. Ижил гэмээр (үнэндээ бол огт өөр) гудамжууд, гудамж байшингийн бүх хаягууд нь нэгэн ижил загвараар гол төлөв португаль, эсвэл хятадаар бичсэн байх тул явсан замаа тогтооход хэцүү байлаа. Хэд хоносны дараа бол төөрч будлиад байх зүйл огт байхгүйг ойлгосон билээ.

Урьд нь тус институтэд ажиллаж байсан монголчуудаасаа багагүй мэдээлэл авч байсан ч бодит байдал дээр миний бодож байснаас арай өөр байв. Дэндүү цөөн хүнтэй, манайхаар бол захиргаанд 10 хүрэхгүй ажилтнууд, 5 багш буюу эрдэм шинжилгээний ахлах ажилтан, захирал болон миний нэгэн адилаар урт богино хугацаагаар мэргэжил дээшлүүлэх гэж ирсэн 10 орчим суралцагчид, нийт 20 хүрэхгүй хүн л уг институтэд ажиллана. Институтийн албан ёсны хэл нь англи боловч ажилтнууд нь өөр хоорондоо кантониз (бичиг нь хятадтай адилхан, дуудлага нь өөр) хэмээх нутгийн аялгуугаар харьцана.
Хэдийгээр цөөн хүнтэй ч бүх зүйл тодорхой, нарийн төлөвлөгөөний дагуу явагдаж, хүн бүр өөрийн ажилдаа хариуцлагатай ханддаг нь надад ихэд таалагдсан юм. Энэ бүхэн нь өдөр тутмын ажилд төдийгүй, ялангуяа амьсгалын замын САРС өвчин гарсан үед бүр ч илүү мэдрэгдэж билээ. Товчоор хэлбэл, энд аливаа ажил “урсгалаараа”, найзан дундаа явагдана гэж байхгүй. Суралцагсад нь нэг ба хоёрдугаар давхруудад хуваагдан ажиллана. Хүн бүр өндөр хурдын Интернэт холболт бүхий орчин үеийн өндөр хүчин чадалтай компьютер болон хос ширээ, шүүгээ, номын тавиур, олон улсын гаралт бүхий утас, бичгийн хэрэгсэл зэрэг ажлын бүхий л хэрэгцээт зүйлсээр хангагдана. Дашрамд сонирхуулахад суралцагч бүрийн ажлын байрны ойролцоо овог нэрийг нь томоос том бичиж наасан нь анх ихэд содон харагдаж билээ. Энэ нь тухайн ажлын байрны эзнийг тодорхойлох төдийгүй нэг талаас суралцагчид нь урт богино хугацаагаар орон орноос ирдэг тул нэрийг нь тодруулж өгөх, нөгөө талаас тус институтэд гадна дотноос зочид олонтаа ирдэгтэй холбоотой болов уу. Шинээр ирэгсдэд хэрэглэгчийн эрхийг и-мэйл хаягийн хамт нээж өгнө. Зарчим нь маш энгийн хэрэглэгчийн нэр болон и-мэйл хаяг нь тухайн хүний овог нэрийн эхний үсгүүд байх тул тогтооход тун хялбар. Жишээлбэл, Uyanga Sambuu: us@iist.unu.edu, Yang Jing: yj@iist.unu.edu, Gabriel Adevano: ga@iist.unu.edu гэх мэт.

Багш нар нь эрдэм шинжилгээний ажилтан (Research Fellow), ахлах эрдэм шинжилгээний ажилтан (Senior Research Fellow) гэж хуваагдах бөгөөд нэг хүн 2-3 суралцагчийг дагуулан сургаж, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг нь удирдана. Түүнчлэн багш бүр дотоод сургалт семинар, тайлан гэх мэт өөр өөрийн хариуцдаг ажилтай. Эрдэм шинжилгээний ажилтан багш нь суралцагчидтайгаа нэг өрөөнд, ахлах эрдэм шинжилгээний 2 ажилтан нь тусдаа өрөөнд сууна. Харин захирал нь нэг том өрөөнд 2 туслах ажилтны хамт суух нь дарга нар гол төлөв тусдаа өрөөнд тухалдаг манайхантай харьцуулахад бас л сонин.

Институтэд болж буй бүхий л үйл ажиллагаа и-мэйлээр явагдана. Аливаа зар и-мэйлээр тарах бөгөөд хэрэгцээт мэдээлэл, эд зүйлсийг үүдний өрөөнд байрлах нэр бүхий жижиг нүдэнд хийнэ.

Анх очиход нүдэнд туссан онцлог зүйл бол номын сан. Өнөөг хүртэл миний үйлчлүүлж үзсэн бүхий л номын сангаас огт өөр байлаа. Нэг л өрөөнд байрласан, цомхон хэрнээ баялаг, бас байнгын нээлттэй. Дээр нь тус институтийнхэн бүгд өөрөө өөртөө үйлчилнэ, номоо сонгож аваад захиалгын хуудсыг бөглөж тусгай саванд хийнэ, буцааж өгөхдөө номоо мөн л тусгай тавиур дээр тавиад л боллоо. Номын сан нь хоёрын зэрэг компьютертэй. Миний хамгийн их сонирхол татсан зүйл бол мэргэжлийн ном сэтгүүлүүд байв. Монголд бид PC World, Wired зэрэг тоолбол хуруу дарам цөөн компьютер, мэдээллийн технологийн хэдэн сэтгүүлээс өөр сэтгүүлийн барааг олж харахад хэцүү байдаг бол энд компьютерийн мэргэжлийн судалгааны олон зуун сэтгүүл чиглэл чиглэлээр байсныг үзээд болдог бол сургууль руугаа, монголдоо нүүлгээд аваачихсан гэж бодогдсоныг нуух юун.

Уг институтийн онцлогийг илтгэдэг бас нэгэн зүйл бол мэргэжлийн өндөр түвшинд явуулдаг сургалт, семинар. Суралцагчдад зориулж төрөл бүрийн сургалт 7 хоногт 1-2 удаа (заримдаа өдөр бүр) явагдахаас гадна эрдэи шинжилгээний хурал, семинар байнга болно. Энэ бүхэнд суралцагчид бүгд хамрагдана. Тус институтэд явагдаж буй бүхий л сургалт семинарууд маш өндөр түвшинд явагдана. Бидний огт сонсож байгаагүй, мэддэггүй болон ойлгоход хүнд асуудлаар мэргэжлийн өндөр түвшинд “ном хаялцана”. Ер нь мэргэжлийн хуралд илтгэл тавихын тулд маш өндөр шалгуурыг давах ёстой гэдгийг мэдээд ихэд гайхаж биширсэн дээ. Тус институтийг чухамдаа ийм өндөр түвшний илтгэл боловсруулахад сургадаг эрдмийн газар юм гэдгийг мэдсэн. Энд ажиллаж буй хүн бүр өөр өөрийн судалгааны чиглэлээр нэлээд гүнзгий хүрээнд судалгаа хийнэ. Заадаг хичээлийн хувьд ч мөн адил, нэг багш нэг, сайндаа ойролцоо 1-2 сэдвээр л лекц уншина. Түүнээс бус манайхан шиг “супер” биш. Хэрэв би ташаараагүй бол манай мэргэжлийнхэн инженер, багш, сүлжээний инженер, Вэбмастер зэрэг ямар ч мэргэжлээр “хөрвөн” ажиллах төдийгүй судалгааны ажлын чиглэл гэхэд дор хаяж 3-5 зүйлийг тооччихдог, заадаг хичээл гэхэд наанадаж 3, цаанадаж мэргэжлийн бүх хичээлүүдийг бараг бүгдийг нь заачихдаг шүү дээ. Иймд “Та ямар сэдвээр лекц уншдаг вэ?”, “Ямар сэдвээр судалгааны ажил хийдэг вэ?” зэрэг асуултуудад хариулахад нэлээд төвөгтэй санагдсан. Тэдний хувьд судалгааны ажил гэдэг нь маш тодорхой хүрээнд гүнзгийрэн хийгдсэн, уншдаг лекц нь гэхэд судалгааных нь ажилтай нягт уялдсан, маш өндөр түвшинд авч үзсэн байдаг юм билээ.

Зугаа цэнгээний газруудаар алдартай, аялал жуулчлал өндөр хөгжсөн, чухамдаа монголчууд бидний хувьд “казино” гэсэн тодотголтой Макао дахь Олон Улсын Програм Хангамжийн Технологийн Институт хэмээх програм хангамжийн технологийн чиглэлээр эрдэм мэдлэг ундарсан, орон орны мэргэжил нэгт хүмүүсийг цуглуулсан газраас өвөртөлсөн бяцхан сэтгэгдлээ Та бүхэнтэй хуваалцлаа. Тус институтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэвэл Вэб сайтад нь www.iist.unu.edu хаягаар зочлоорой.

0 Comments:

Post a Comment

<< Home