Uyanga Sambuu

Monday, May 18, 2009

Нийгмийн сүлжээ анхаарал татсан асуудал мөн үү?

С.Уянга
МИНИЙ КОМПЬЮТЕР/DIGITAL WORLD сэтгvvл, 2009 он, № 05 (108)

Дунд сургуулийн хүүхдүүдийн интернэтэд хамгийн их цагаа өнгөрүүлдэг газар юу вэ? Энэ бол Hi5, энэ бол нийгмийн сүлжээ.

Интернэт сая сая хүний амьдралыг үндсээр нь өөрчилж буй цаг үед бид амьдарч байна. Чухамхүү өнөөдөр интернэтээр дамжуулан ажил, амьдралаа зохицуулж, хоол хүнсээ захиалах, бараа бүтээгэхүүн болон үйлчилгээ авах, сурч боловсрох, тоглож зугаацах, дурлаж бас үзэн ядаж байна. Маш товчоор бол бид зүгээр л “амьдарч”, интернэтэд амьдрал нэг талаар маш хэвийн, нөгөө талаар маш сонирхолтой хэлбэрээр үргэлжилж байна. Ажиллах шаардлагатай үедээ ажлын байрандаа “амьдарч”, гэр бүл, найз нөхөдтэйгээ амрах үедээ мөн л интернэтэд “амьдардаг” болов. Өмнө нь дийлэнх хүмүүс интернэтэд зүгээр л онлайн тоглоомоор наадах, чатлах, форумд мэтгэлцэх, цахим шуудан солилцох төдийхнөөр “амьдрахыг” илүүд үздэг байсан бол өнөөдөр урт хугацаагаар, “дэндү” урт хугацаагаар “амьдрах” хандлага харагдах болов. Яагаад тэр вэ? Мэдээж хэрэгцээ шаардлага байгаа ч, тэр бүхний зэрэгцээ энэ бүхэнд онцгой үүрэг гүйцэтгэж буй зүйл бол “нийгмийн сүлжээ”. Товчоор хэлбэл, өнөөдөр нийгмийн эволюцийн бас нэгэн бүтээгдэхүүн болох “нийгмийн сүлжээний” шууд оролцоотойгоор интернэтийн амьдрал эрс өөрчлөгдөж, цоо шинэ шатанд гарав.

Нийгмийн сүлжээнд бүртгүүлсэн хэрэглэгчдийн дийлэнх нь нийгмийн сүлжээ гэж юу болох, юунд хэрэгтэй талаар тодорхой ойлголтгүй зүгээр л “хөвж” явдаг гэвэл нэг их хилсдэхгүй болов уу. Хэдийгээр тоймтой үр ашиг хүртээд байдаггүй ч, ямар нэгэн таагүй байдлыг бас мэдэрдэггүй. Чухамхүү ийм л хүмүүс, ийм хэрэглэгчдийн ачаар дэлхий дахинаа танил болсон “акулууд” зөвхөн интернэтийн хөгжлийг хурдацтай өөрчлөөд зогсохгүй орчин үеийн нийгмийг бүхэлд нь өөрчилж байна, өөрчлөхөөр ажиллаж байна.

Ингэхэд яагаад нийгмийн сүлжээнүүд маш богино хугацаанд дэлхийг аалзны тор мэт хэрж, сая сая хүний хувьд “цогц” ертөнц болон сүндэрлэж чадав? Яагаад чухамхүү энд л хүмүүс зовлон жаргалаа хуваалцаж, алдаа оноогоо дэнсэлж, найзалж, бас муудалцаж байна? Яагаад?

Нийгмийн сүлжээ гэж юу вэ?
Нийгмийн сүлжээ, түүний та бидний амьдрал, хувь хүний төлөвшилд гүйцэтгэж буй үүргийн талаар өгүүлэхээс өмнө энэ ойлголтын талаар товч өгүүлье. “Нийгмийн сүлжээ” хэмээх ойлголт бий болоод даруй хагас зуун жилийг үджээ. 1954 онд социологч Жеймс Барнс гэгч анх удаа өөрийн судалгааны ажилдаа “нийгмийн сүлжээ” гэдэг үг хэллэгийг ашигласан түүхтэй. Харин нийгмийн сүлжээний онолын үндсийг 1951 онд Рэй Соломонофф (Ray Solomonoff), Анатол Рапопорт (Anatol Rapoport) нарыг тавьсан гэж үздэг. Нийгмийн сүлжээний сонгодог тодорхойлолт нь “нийгмийн сүлжээ гэдэг нь нийгмийн обьект болон тэдгээрийн хоорондын харилцаа холбооноос бүрдсэн бүлэг зангилаанууд бүхий нийгмийн бүтэц юм”. Зангилаа гэдгийн дор хүмүүс болон байгууллагуудыг, харин харилцаа холбоо гэдгийн дор тэдгээрийн харилцан холбогдож буй байдал, хамаарлыг авч үздэг. Интернэтэд анхны нийгмийн сүлжээнүүд 2000 оноос өмнөхөн үүссэн хэдий ч ердөө л хэдхэн жилийн өмнөөс эрдэмтэн судлаачид 1950-иад оны тодорхойлолтыг хэрэглэх болсон байна. Өргөн хүрээнд интернэт дэх нийгмийн сүлжээг хүмүүст нийгмийн харилцаа холбоо тогтоож, тэдгээрийн үндсэн дээр харилцах боломжийг олгодог програм хангамжийн хэрэгслэлийн цуглуулга хэмээн хэлж болно.

Нийгмийн сүлжээ хэрхэн ажилладаг вэ?
Нийгмийн сүлжээ нь интернэтийн бусад төрлийн нөөцүүдтэй (форум болон блогийг үл оролцуулан) харьцуулахад контент буюу агуулгыг хэрэглэгчид өөрсдөө бий болгодог, хөгжүүлдэгээрээ онцлог. Нэг үгээр хэлбэл, та, бас би нийгмийн сүлжээний агуулгыг хөгжүүлж, амьдруулж байдаг. Хамгийн сонирхолтой нь ямар ч үүрэг хүлээлгүйгээр, зөвхөн сонирхлоороо. Хэрэглэгчид сүлжээнд бүртгүүлэхдээ сонирхлынхоо талаарх мэдээллийг оруулж, улс төр болон амтдралыг үзэх хувийн үзэл бодлоо хуваалцаж, сонирхлын бүлгүүдэд хуваагддаг. Шинжээчдийн үзэж буйгаар нийгмийн сүлжээнүүдийг эзэмшдэг, ажиллуулдаг байгууллага, хэсэг бүлэг хүмүүс хүн ам зүйн хийгээд хэрэглэгчдийн талаарх их хэмжээний мэдээллийг ашиглах, бусдад худалдах замаар бизнесийн таатай орчинг бүрдүүлж, нийгмийн сүлжээний цоо шинэ бизнесийг бий болгодог байна.
Нийгмийн сүлжээн дэх сая сая хүний хувийн мэдээлэл бүхий мэдээллийн сангууд, тэдгээрт олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд чөлөөтэй хандах боломжтой зэрэг нь өнөөдөр нийгмийн анхаарал татсан чухал асуудлуудын нэг болоод байна. Их Британийн Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэл хариуцсан комиссоос (Press Complaints Commission) явуулсан судалгаагаар уг судалгаанд оролцсон нийгмийн сүлжээний хэрэглэгчдийн 90 хүртэлх хувь нь сэтгүүлчдэд тодорхой хязгаарлалт хийх хэрэгтэй хэмээн үздэгээ илэрхийлжээ. Өдгөө олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд нийгмийн сүлжээнүүдэд бүртгэлтэй хэрэглэгчдийн хувийн мэдээллийг эзэмшигчдийнх нь ямар ч зөвшөөрөлгүйгээр ашиглаж буйд хэрэглэгчид ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна. Гэвч энэ талаар хууль эрхзүйн хүрээнд асуудал бүрэн шийдэгдээгүй нь сэтгүүлчдэд “таатай” боломжийг олгосоор байна. Жишээлбэл, хөрш ОХУ-д хувийн мэдээллийг цуглуулах, хадгалах талаар хуульд тодорхой заагдсан, хатуу мөрддөг ч гэсэн нийгмийн сүлжээний тухайд энэ асуудал нээлттэй, тодорхойгүй хэвээр байна.
Хамгийн сонирхолтой нь виртуаль буюу онлайн бүтцэд суурилсан нийгмийн сүлжээнүүд нь үнэн хэрэгтээ хүмүүсийн хоорондын бодит харилцаанд суурилдаг. Энэхүү харилцаа нь сүлжээний зорилго ба зориулалт (оюутнууд, шийдвэр гаргагчид, судлаачид, гэрийн эзэгтэй нар, мэдээллийн технологийнхон, нэг анги болон сургуулийнхан, тодорхой хүрээний бүлэг сонирхогчид гэх мэт), тухайн нөөцийн хүрээн дэх хэрэглэгчдийн эрх чөлөөтэй байдал, хүсэл сонирхол зэрэг тодорхой шинж чанаруудад тулгуурлан бий болдог. Нөгөөтэйгүүр хүмүүст сургуульд хамт суралцаж байсан, нэг байгууллагад ажиллаж байсан гэх мэт тодорхой хүрээллийн танил, найз нөхөдтэйгээ харилцах боломжийг олгодгоороо хувь хүмүүсийн “мартагдсан”, эсвэл “тасарсан” харилцаа холбоогоо сэргээх, бэхжүүлэх төдийгүй шинэ хамт олныг бүрдүүлдэг. Наад захын жишээ гэхэд нэг сүлжээнд бүртгүүлснээр олон жилийн өмнө хамт суралцаж байсан анд нөхдөө олж, улмаар хуучин харилцаагаа сэргээх төдийгүй уг сүлжээнд буй найзынхаа “найз”-тай танилцах замаар танилын хүрээгээ хялбархан өргөтгөнө. Энд цаг болзон уулзаж, ганц аяга шар айраг уунгаа танилцах шаардлага байхгүй. Ийм байдлаар өөр хоорондоо огт холбоогүй, бие биенээ үл таних хүмүүс үнэн хэрэгтээ та бидний өдөр тутмын бодит амьдрал дээр үүсэх боломжгүй виртуаль харилцааг маш хялбархан үүсгэдэг. Найз нөхөд, мэргэжил нэгтнүүд, эсвэл бусад замаар үүсгэгдсэн виртуаль харилцаанууд ажлын байртай болох, тодорхой сэдвүүдээр харилцан саналаа солилцох зэргээс өгсүүлэн дотно харилцаа үүсгэх нь олонтаа. Социологчид Америкт нийгмийн сүлжээний хэрэглэгчдийн дийлэнх нь уг сүлжээгээр дамжуулан нийгэмд нэр нөлөө бүхий хүмүүстэй танилтай болохыг эрмэлздэг хэмээн баталдаг.
Нийгмийн сүлжээнүүдийн олон төрөл байдаг ч дараах үндсэн шинж чанаруудтай байна. Нэгдүгээрт хэрэглэгчдийн зайлшгүй бүртгэл (найз нөхдийнхөө талаарх дэлгэрэнгүй мэдээллийг харах, танилаа хайх зэрэгт хэрэглэгч хувийн мэдээллээ заавал оруулсан байна), хоёрдугаарт интернэт браузер програм ашиглалт (интернэт ашиглах ердийн браузер програмыг ашигласан байдаг нь хэрэглэгчдэд ажил, сургууль, гэр зэрэг дурын газраас тусгай програм хангамж ашиглахгүйгээр ийм төрлийн үйлчилгээг шууд авах боломжийг бүрдүүлдэг).

Юуны тулд, бас яагаад заавал нийгмийн сүлжээ гэж?
Өнөөдөр нийгмийн сүлжээнүүд олон шалтгаанаар сая сая хэрэглэгчдийг өөртөө элсүүлэн татаж байна. Үүнд, хувь хүн шинэ орчин болон харилцааг эрэлхийлэх, ямар нэгэн байдлаар өөрийгөө таних, илэрхийлэх болон хөгжүүлэх, тодорхой зорилгын дагуу бүлэглэлд элсэх, санал бодлоо хуваалцах, үзэл бодлоо илэрхийлэх зэрэг олон тооны шалтгаанууд орно. Жишээ нь зарим нэгэнд нь дунд сургуульд нэг ангид суралцаж байсан хуучин андуудаа хайх шаардлага гарсан бол, нөгөө нэгд нь үзэл бодол нэгтэй хүмүүсийг хайх, эсвэл магадгүй зүгээр л цагийг зугаатай өнгөрүүлэх орчин хайсан байж болно. Түүнчлэн хэрэглэгчдийн дунд сургуулийн хуучин танилууд, тэр дундаа амжилт олсон танилуудынхаа ажил амьдралыг ихээр сонирхдог, улмаар сонирхолдоо хөтлөгдөн нийгмийн сүлжээнд бүртгүүлдэг нэгэн байхад эсрэгээр өөрийн амжилтаар бардамнах үүднээс ордог нэгэн байдаг гэнэ. Түүнчлэн зүгээр л хүүхэд насандаа буцан орох, өнгөрснийг дурсах, өөрчлөхийг оролдох, залуу насны алдаагаа засах, бусдад өөрийгөө ойлгуулах зорилгоор ашигладаг хүмүүс байдаг.
Нийгмийн сүлжээнүүдэд бүртгүүлснээр ихэнх хүмүүс эхний ээлжинд өөрийн ололт амжилтыг бусдад мэдээлэх буюу зүгээр л бардамнахыг гол зорилгоо болгодог гэнэ. Ялангуяа энэ нь холбоо тасраад удсан ойр дотны хүмүүс, найзуудын дунд түгээмэл гардаг. Дээр нь хамгийн сайхан газарт авахуулсан хамгийн сайн зургуудаа байрлуулаад “далайн эрэгт амарч байхдаа”, “Эрх чөлөөний хөшөөний өмнө”, “шоу бизнесийн одтой хамт”, “шинэ машиныхаа ард” гэх мэтчлэн товчхон хэрнээ атаархал төрүүлэм тайлбартай зургууд дагалддаг. Үнэхээр амжилтанд хүрсэн хүмүүс иймэрхүү үйлдлийг хийгээд байдаггүй, гол төлөв амжилтын нууцаасаа хуваалцах нь бий.
Хүүхэд насаа дурсах, хүүхэд насандаа эргэн очих нь нийгмийн сүлжээг ашигладаг хамгийн түгээмэл хэрэгцээ шаардлагуудын нэг юм. Орчин үеийн амьдралын хэм улам бүр “галзуурам” хурдтай болж, хүн бүр л түүнд нийцүүлэн алхахыг эрмэлзэж буй өнөө үед энэ их хурд хүн бүрийг наснаасаа өмнө ухаарахыг шаардах болсныг судлаачид онцолдог. Зарим хүмүүс нийгмийн сүлжээгээр дамжуулан олон жилийн өмнө салсан найзуудтайгаа уулзаж, өнгөрсөн үе, таатай дурсамжууд, магадгүй анхны хайраа эргэн дурсдаг. Ийнхүү амьдралынхаа “хуудсуудыг эргүүлэн” үзэх нь өнгөрсөн 10, 20, 30 жилд би юу амжуулав, юу хийв, юун дээр алдав, залуу насандаа хүсэж мөрөөдөж байсандаа хүрч чадсан уу, яагаад өнөөдөр ийм байдалд байна гэх зэргээр зарим хүмүүст өөртөө болон бусдад дүн шинжилгээ хийхэд хүргэдэг. Хүүхэд насны найз нөхөд, танилуудынхаа амьдралын талаарх мэдээллийг олж үзсэнээр өөрийгөө ангийнхаа онц сурлагатантай харьцуулах, сэтгэлд хоногшин үлдсэн үеүүдийг дурсан санах нь олонтаа байдгийг судалгаагаар тогтоожээ. Иймэрхүү “албан бус” харьцуулсан судалгааны гол ач холбогдол, үнэ цэнэ нь бүгдийг нэг цэгээс хамтдаа эхэлж, анхны хичээл, их сургуулийн анхны лекцэнд хамт суусан хүмүүстэй харьцуулан өөрийн амжилт, алдаа оноогоо дэнсэлдэгт оршдог.
Нийгмийн сүлжээнүүд нь олон хүмүүст тодорхой түвшинд найз нөхөд, танилын хүрээнд өөрийн амьдралаа нээх боломжийг олгодог. Наад захын жишээ гэхэд дунд сургуульд тааруухан сурлагатан байсан нэгэн ангийхандаа том компанийн дарга болсон амжилтаа харуулах боломжтой. Сургуульд байхад бүдүүнээр дуудуулан бусдад шоглуулдаг байсан даруухан охин загварын ертөнцөд гаргасан амжилтаа хүргэж болно. Энэ мэтчилэн олон жишээг дурдаж болно. Чухамдаа яг ийм шалтгаан, яг ийм үндэслэл нийгмийн сүлжээний давуу талыг илэрхийлдэг.

Тэгвэл одоо нийгмийн сүлжээ хэрхэн тодорхой зорилгод хүргэх хэрэгсэл болдог талаас өгүүлье. Нэгдүгээрт ажил болон амралтын цагаас үл хамааран цагийг үр ашигтай өнгөрүүлэх арга. Зүгээр л тодорхой сайт руу хандан хувийн мэдээллийг үзэх, шинээр мэдээлэл болон зураг нэмэгдсэн эсэхийг шалгаад шинэ нөхөд, шинэ мэдээлэл хайна. Энэ бүхэнд мэдээж нэг хоёр минутаар зогсохгүй, нэлээд их хугацаа орох нь дамжиггүй. Иймээс өнөөдөр ихэнх байгууллагын удирдлагуудын хувьд нийгмийн сүлжээнүүд нь ажлын цагийн “дайсан” төдийгүй “толгойны өвчин” болоод байна.

Дээр өгүүлсэнчлэн нийгмийн сүлжээнүүд нийгэмд нэр нөлөө бүхий хүмүүстэй танилцах, улмаар танилын хүрээгээр дамжуулан ямар нэгэн ашиг давуу тал олох муугүй боломжийг олгодог нь хүмүүсийг татах бас нэгэн шалтгаан болдог. Үүнийг социологчид “арын хаалга”-тай зүйрлэж байна. Социализмын үеийг эргэн санацгаая. Дэлгүүрийн лангуу хоосон, бараа бүтээгдэхүүн хомс байсан үед дэлгүүрийн эрхлэгч, эсвэл худалдагчийг таньдаг хүмүүс “арын хаалгаараа” тэр үед нүдний гэм болсон оймсон түрийтэй гутал зэрэг ховор бараануудыг төвөггүй олж чаддаг байсан. Тэгвэл энэ зарчим нийгмийн сүлжээнд уламжлагдаж байна. Өнөөдөр нийгмийн сүлжээ ашиглан ихэнх хэрэглэгчид ажил хайх, ажилд орох, ашигтай наймаа хэлцэл хийх, ажиллах, мөнгө олохыг илүүд үздэг болжээ. Дэлхий дахинаа, хөрш ОХУ-д ч, өндөр хөгжилтэй Европын орнуудад ч, хүн бүрийн мөрөөдөл болсон АНУ-д ч нийгмийн сүлжээг “ашигтай” танилтай болох хэрэгсэл болгон ашиглаж байна. Энэ үзэгдэл ердийн байдаг зүйл болон хэвшиж, улам бүр хавтгайрсаар... Үүнийг амьдрах ухааны хэрэгсэл, ашиглаж болох хамгийн өргөн боломж хэмээн үзэж байна. Үнэхээр боломж байхад түүнийг ашиглаж яагаад болохгүй гэж?
Нийгмийн сүлжээ ашиглах бас нэгэн хэрэгцээ шаардлага бол түүгээр дамжуулан ахуй амьдралаа дээшлүүлэх, албан тушаал ахих явдал юм. Тухайлбал, Их Британийн төрийн ажилтнууд Facebook, MySpace зэрэг сүлжээнүүдээр дамжуулан ажилтнуудаа “олох” нь бий. Badenoch&Clark байгууллагаас явуулсан судалгаагаар судалгаанд оролцсон байгууллага, хүний нөөцийн албаны 60 гаруй хувь нь нийгмийн сүлжээнүүдэд өөрийн хуудсыг нээж, сүлжээнд бүртгэгдсэн хэрэглэгчдийн мэдээллийг судлах замаар боломжит ажилтнуудаа олж авдаг болох нь тогтоогджээ. Нөгөө талаар нийгмийн сүлжээнүүдээр дамжуулан боловсон хүчний судалгааг “нарийвчлан” хийх нь ажил хэргийн хамтрагч, үйлчлүүлэгчид, боломжит ажилтнуудыг алдах эрсдэлд хүргэх тохиолдол олон гардаг. Энэ нь гол төлөв тухайн хэрэглэгчийн хуудас дээрээс ёс зүйн хэм хэмжээнээс хэтэрсэн үг хэллэг ашигласан, таагүй сэтгэгдэл төрүүлэхүйц гэрэл зургийг олж үзсэнээс үүдэн гардаг аж. Эрүүл ухаанаар авч үзвэл энэ бүхэн хувь хүнтэй л холбоотой, өөрийгөө хүндэтгэдэг л бол бүдүүлэг үг хэллэг хэрэглэж, таагүй сэтгэгдэл төрүүлэх зургаа нийтэд дэлгэхгүй нь ойлгомжтой.

Нийгмийн сүлжээ нь нийгмийг тандах толь мөн үү?
Өнөөдөр өндөр хөгжилтэй орнуудад нийгмийн сүлжээнүүдийн шуурга хэдийнэ дайран өнгөрч, энэ төрлийн үйлчилгээг ажил хэргийн чиглэлээр ашиглаж байна. Тухайлбал, Европын орнууд, АНУ-д нийгмийн сүлжээнүүдийн тусламжтай хүмүүс зөвхөн найз нөхөд, ажлын байраа олоод зогсохгүй өөрийгөө боловсруулах, хөгжүүлэх болжээ. Жишээлбэл, жуулчид, хэл судлалын чиглэлээр суралцаж буй оюутнууд жижиг хэмжээтэй нийгмийн сүлжээгээр дамжуулан гадаад хэлийг ихээр сурах болсон. Нийгмийн сүлжээнүүд дэлхийг аалзны тор мэт хэрсэн тул аль ч орны, ямар ч хэлээр ярьдаг хэн нэгэн тэнд байгаа. Тодорхой хүрээгээр хязгаарлагдсан иймэрхүү сүлжээнүүд нь өөрийн гишүүдийн харилцан суралцах үйл ажиллагааг үр ашигтай бөгөөд сонирхолтой байлгах олон боломжуудыг агуулсан байдаг. Тэгэхээр нийгмийн сүлжээнүүдийг ашиглан энэ чиглэлээр амжилт олох боломж хүн бүрт нээлттэй. Гэхдээ үүнд харилцан ярилцах, асуултанд тань хариулах мэргэжлийн хүнийг олохоос өгсүүлээд төрөл бүрийн бэрхшээл асуудал олон байдаг, олон гарах нь тодорхой. Хувь хүн бие даан суралцах боломжийн зэрэгцээ нийгмийн сүлжээнүүдийг төрөл бүрийн салбарын мэргэжилтнүүд, судлаачид, удирдлагууд ихээхэн сонирхдог нь хэдийнэ тогтоогджээ. Практик зорилгод хүрэх үүднээс иймэрхүү нөөц хөгжүүлэгдэж, хэрэглэгдэж бйдаг тул нийгмийн сүлжээг зөвхөн цагийг зугаатай өнгөрүүлж, гэрэл зургаа солилцох газар төдийхнөөр өрөөсгөл авч үзэх нь утгагүй. Өнөөдөр томхон байгууллагууд, тэр дундаа үндэстэн дамнасан корпорациуд байгууллагынхаа дэд сүлжээндээ өөрийн ажилтнуудаа танилцах, нөхөрлөх, мэдлэг туршлагаа хуваалцах боломжийг олгох дотоодын нийгмийн сүлжээг боловсруулах болон нэвтрүүлэхийг зайлшгүй шаардлагаа болгодог. Үүнд Nokia, Microsoft компаниудын дотоодын нийгмийн сүлжээнүүдийг нэрлэж болно. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар зарим компаниуд өөрийн байгууллагын имижийг дээшлүүлэхийн тулд нийгмийн сүлжээг байгуулан ашигладаг. Өдгөө нийгмийн сүлжээнд хандах хандлага эсрэг тэсрэг байр сууринд хуваагдаад байна. Зарим нь нийгмийн сүлжээнд таагүй хандаж, хандалтыг хаах, хориглох арга хэмжээнүүдийг авч байгаа бол нөгөө хэсэг нь нийгмийн сүлжээ нь байгууллага, хувь хүний амжилтанд хүргэх хөшүүрэг хэмээн үзэж байна. Гэхдээ үүнд дэвэн дэлхийн хов жив бус, нийгэм болоод байгууллагын өмнө тулгарч буй асуудал, бэрхшээлүүд тойрсон хэлэлцүүлэг хэмээн ойлгох шаардлагатай. Социологийн судалгааны дүнгээс үзэхэд мэргэжлийн тодорхой хүрээний нийгмийн сүлжээнүүд нь ажлын процессийн үр ашгийг дээшлүүлж, мэргэжлийн ур чадварыг сайжруулан боловсронгуй болгодог нь тогтоогджээ. Мэдээж ямар ч ажилтны тухайд сайн харилцаатай, бие бидээ итгэдэг хүмүүстэй хамтран ажиллах нь хялбар төдийгүй, ажлын бүтээмж өндөр байх нь тодорхой. Чухамхүү энэ бүхэн тэднийг өөр хоорондоо санал болон туршлагаа солилцох, ажилд гарсан асуудлыг хамтран шийдвэрлэх халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг.

Нийгмийн сүлжээ залуучуудад хэрхэн нөлөөлж байна?
Өнөөдөр гэрийн эзэгтэй, оюутан, төрөл бүрийн салбарын ажилтнуудаас гадна бага насны интернэт хэрэглэгчид нийгмийн сүлжээнд эрчимтэй “татагдан” орох болжээ. Их Британийн нэрт сэтгэл судлаач, доктор Арик Сигман (Aric Sigman) хүүхдүүд нийгмийн сүлжээнд орох нь сайн зүйлд хүргэхгүй хэмээн баталж байна. Тэгэхээр таны хүү, эсвэл охин Hi5 зэрэг сүлжээний идэвхтэй хэрэглэгч бол энэ талаар нэгийг бодох шаардлагатай гэсэн үг. Судалгааны дүнгээс үзэхэд өнөөдөр бага насны хүүхэд, өсвөр насныхан компьютерийн дэлгэцийн өмнө чөлөөт цагийнхаа тэн хагасыг өнгөрүүлж байна. Тодруулбал, 11-15 насны хүүхдүүд 7 хоногт компьютерийн ард 53 цагийг өнгөрүүлдэг нь асар их хугацаа. Та бид 7 хоногт ажлын байрандаа өнгөрүүлдэг 40 цагаас ч илүү. Дээр нь 5 хүртэлх насны хүүхдүүдийн 25 гаруй хувь нь эцэг эх, гэр бүлийнхээ хэн нэгний компьютерт хандах боломжтой гэдэг нь бас л бодууштай үзүүлэлт.

Хэдийгээр охид хөвгүүд нийгмийн сүлжээнүүдээр дамжуулан найз нөхдийн хүрээгээ өргөтгөж, олон найзтай болдог ч виртуаль ертөнцөд цагийг ихээр өнгөрүүлэх нь бодит амьдрал дээр ганцаардлыг бий болгож, сэтгэл санааны хямралд оруулдаг. Өнөөдөр энэ үзэгдэл нийгэмд эхнээсээ хүчтэй илэрч байна. Энэ бол зөвхөн хувь хүний асуудал бус, нийгмийн, гэр бүлийн асуудал болон хурцаар тавигдах болов. Internet Paradox компаниас 73 гэр бүлд явуулсан социологийн судалгаагаар гэр бүлийн гишүүд хэдий чинээ интернэт бага ашиглана, гэр бүлийн уур амьсгал төдий чинээ амьд, халуун дулаан байдаг нь тогтоогджээ. Түүнчлэн хэдий чинээ их интернэт ашиглана, төдий чинээ гэр бүлийн асуудал гарах нь бага байдаг гэсэн сонирхолтой хариу өгчээ. Нийгмийн сүлжээ нь гэр бүлийн гишүүдийг ганцаардмал, бусдаасаа хараат биш болгосоор байгааг судлаачид онцолж байна. Судлаач Сгиманы үзэж буйгаар хүүхэд нийгмийн сүлжээнээс хамааралтай болж, нийгмийн сүлжээг харилцаа холбооныхоо гол талбар болгох нь дараах хүчин зүйлсээс шууд хамааралтай байдаг гэнэ. Үүнд, гэр бүлийн салалт, эцэг эхийн ажлын цаг хэт урт буюу гэртээ цагийг бага өнгөрүүлдэг зэрэг ордог. Ялангуяа айлын ганц хүүхдэд энэ маш хүчтэй нөлөөлдөг гэнэ. Нийгмийн сүлжээнүүд хүүхэд залуусын харилцааны хэрэгцээг тодорхой түвшинд хангадаг ч жинхэнэ сэтгэл хөдлөл, бэрхшээлийг даван туулах, амжилт ялалтыг мэдрэх боломжийг хязгаарладаг талтай. Бага болон өсвөр насны интернэт хэрэглэгчдэд нийгмийн сүлжээний зүгээс заналхийлж буй нэг бодит аюул бол тэдний үнэн сэтгэлээсээ бичсэн, нийтэлсэн бүх зүйлийг зөвхөн анд нөхөд, ойр дотныхон төдийгүй буруу санаа өвөрлөсөн нэгэн уншиж, залилан болон гэмт хэргийнхээ бай болон ашигладаг явдал. Хамгийн аюултай нь хүүхэд залуучууд энэ талаар тодорхой ойлголтгүйгээс гэнэн цагаанхан хандаж, бусдад өгөөш болдог явдал юм. Ийм учраас эцэг эхчүүдийн зүгээс хүүхдүүддээ нийгмийн сүлжээний сайн муу талуудыг ойлгуулж, тэднийг өөрийгөө хамгаалах, виртуаль орчинд зөв соёлтой харилцах талаар сургах нь чухал. Энэ асуудал зөвхөн нийгмийн сүлжээний орчинд бус, чат, форум, танилцах вэб сайт зэрэг бүхий л төрлийн харилцаанд хамаарна.

Мобайл нийгмийн сүлжээнүүд хүчирхэгжих үү?
Интернэтэд суурилсан нийгмийн сүлжээнүүдийн зэрэгцээ гар утас ашигласан буюу мобайл нийгмийн сүлжээнүүд ихээр байгуулагдав. 2008 оны эхний байдлаар мобайл нийгмийн сүлжээний хэрэглэгчдийн тоо 50 сая хол давсан гэсэн тоо бий. Үүрэн холбооны хэрэглэгчид ийнхүү мобайл нийгмийн сүлжээг өргөнөөр ашиглах болсон нь интернэтийн нийгмийн сүлжээнүүд хүчирхэгжсэн, үүрэн холбооны тоо улам бүр өсөж буйтай шууд холбоотой. Мэдээж энэ бүхэн дээр боловсруулагчид, үйлчилгээ үзүүлэгчдийн сонирхол байгаа нь дамжиггүй. Товчоор бол энэ нь маш ирээдүйтэй бөгөөд ашигтай бизнес. Шинжээчдийн үзэж буйгаар 2012 гэхэд “халаасны” нийгмийн сүлжээнүүдээс олох орлого 52 тэрбум ам.долларт хүрэх аж.

Үүрэн хэрэглэгчдийн дунд нийгмийн сүлжээ “цэцэглэх” болсон бас нэгэн хүчин зүйл бол интернэтийн орчинд ажиллах боломжтой смартфон болон гар утасны үнэ улам бүр хямдарч, нэг мегабайтын үнэ хурдацтай буурч, 3G технологи өргөн хэрэглээг олж буй явдал. Мобайл нийгмийн сүлжээ нь хэрэглэгчдийг зөвхөн өөр хоорондоо харилцах бус, интернэтийн нийгмийн сүлжээний хэрэглэгчид тэр бүр хүртэх боломжгүй өвөрмөц үйлчилгээнүүдийг хүргэдгээрээ хэрэглэгчдийг татдаг. Тухайлбал, GPS ашиглан хүний байрлал тодорхойлох, гудамж талбайг хайх, замын бөглөрлийг мэдээлэх гэх мэт. Мэдээж энд хүн бүр хэзээ ямагт өөрийн байгаа газрыг найз нөхөд, гэр бүлийнхэндээ мэдэгдэхийг хүсдэггүй нь нөгөө талаар иймэрхүү үйлчилгээнд зөрчил үүсгэдэг. Мобайл нийгмийн сүлжээний талаар хийсэн ICM Research компанийн судалгаанд 700 гаруй хэрэглэгч хамрагдсан бөгөөд тэдний 43 хувь тодорхой хугацааны туршид гар утсаараа интернэт, цахим шуудан ашиглах үйлчилгээнүүдийг авсан, зөвхөн 7 хувь нь (дийлэнх нь залуучууд) гар утсаараа дамжуулан нийгмийн сүлжээнүүдийн вэб сайтад өдөр бүр ханддаг гэсэн хариултыг өгчээ.

Бас нэг анхаарал татсан асуудал бол судалгаанд оролцогчдын 80 гаруй хувь нь мобайл нийгмийн сүлжээнүүд төлбөргүй байсан ч сонирхохгүй гэж хариулжээ. Тэгэхээр хэрэглэгчид яагаад мобайл нийгмийн сүлжээг ашиглахгүй байна гэсэн асуулт зүй ёсоор гарна. Судлаачид үүнд гар утасны дэлгэцийн хэмжээ бага, ажиллахад эвтэй бус, текстийг гар утаснаас бичихэд хүндрэлтэй байдаг гэсэн хариултыг өгч байна.

Ниймийн сүлжээнүүд орлогын эх үүсвэр мөн үү?
Нийгмийн сүлжээнүүдийг ажил хэрэгч байр сууринаас харах гээд үзье. Нийгмийн сүлжээ зохион байгуулан ажиллуулахад наад зах нь ажилтнуудын цалин, сервер худалдан авах буюу түрээслэх зардал, хөгжүүлэлтийн зардал зэрэг орох тул ямар нэгэн байдлаар орлоготой бизнес байхыг шаардах нь гарцаагүй. Тэгвэл нийгмийн сүлжээнүд яаж мөнгө хийдэг вэ гэсэн асуулт гарна. Ямартай ч хэрэглэгчдэд төлбөртэй эрх олгох гэсэн барууны боловсруулагчдын хувилбар амжилт олоогүй. Хэдийгээр реклам зар сурталчилгаанаас багагүй мөнгө олох боломжтой ч хэрэглэгчдийг “үргээхээс” эмээж үйлчилгээ үзүүлэгчид энэ шийдлийг ашиглахаас зайлсхийдэг. Иймээс үндэстэн дамнасан томоохон нийгмийн сүлжээнүүдээс сурталчилгааны том том баннерийг олж харах нь юу л бол. Тэгвэл ОХУ гэх мэт зарим орнуудын нийгмийн сүлжээнүүд эсрэгээр зөвхөн рекламаар амьдардаг. Romir компаниас явуулсан судалгаанд оролцогч 1300 нийгмийн сүлжээнийн хэрэглэгчдийн 53 хувь нь реклам зар сурталчилгааг огтхон ч анзаардаггүй гэсэн бол 42 хувь нь анзаардаг, 2 хувь нь анхаарлаа хандуулдаг гэжээ. Америкийн Prospectiv компаниын судлаачид нийгмийн сүлжээний хэрэглэгчдийн 87 хувь нь реклам зар сурталчилгаанд анхаарал хандуулдаггүй хэмээн баталж байна. Тэгэхээр ихэнх реклам зар сурталчилгаа байрлуулагчид нийгмийн сүлжээнүүдийг онлайн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, бусад медиа хэрэгслэлүүдийн нэгэн адилаар үзэж рекламаа ихээр тавьдаг, тавьж хэвшсэн нь нэг талаар алдаа хэмээн хэлж болно. Иймээс нийгмийн сүлжээнүүдэд таргетингийг хэрэглэдэг. Таргетинг гэдэг нь хэрэглэгчдээс тодорхой хэсэгт чиглүүлэн зар сурталчилгаагаа хүргэх замаар реклам зар сурталчилгааны үр ашигтай байдлыг дээшлүүлдэг механизм юм. Нийгмийн сүлжээний ихэнх загварууд нь администраторт богино хугацаанд тодорхой хүрээний рекламаар “бөмбөгдөх” зорилтот хэрэглэгчдийг ялган тодорхойлох боломжийг олгодог. Энд хэрэглэгчдийг зөвхөн нас, хүйсээр нь ялгах бус боловсрол, сонирхол, зуршил зэрэг маш олон шинжээр сонгох боломжтой. Энгийн жишээ хэлэхэд гэрийн эзэгтэйчүүдэд гэр ахуйн цахилгаан барааны, нас тогтсон албан хаагчдад үгийн сүлжээ, хөлбөмбөг сонирхогчид тоглолтын зар гэх мэтийг шууд хүргэх жишээтэй. Мэдээж дээр нь тухайн цаг улирал, өрхийн орлого, нийгэмд эзлэх байр суурь зэргийг хүртэл харгалзана гэж бодохоор та биднээс өөрсдөөс маань ч илүү биднийг “томруулдаг шилээр” харж, “нарийвчлан” судалж байгаад сэтгэл эмзэглэмээр. Мэдээллийн технологийн салбарын Microsoft гэх мэт “акулууд” таргетингийн зэрэгцээ бренд хэв шинж гэсэн ойлголтыг рекламын зорилгоор ашигладаг. Одоогоос 2-3 жилийн өмнө маш эрчтэй байсан энэ механизмаас хэрэглэгчид залхаж, харилцах шаардлагагүй, магадгүй огт “хэрэггүй” виртуаль найзуудын цуглуулга хийхээ хэдийнэ больжээ. Нийгмийн сүлжээнүүд нь дээрх байдлаар агуулга болон технологийн хувьд реклам зар сурталчилгаагаа байрлуулагчдад асар их боломжийг олгож буй ч үүнийг бүрэн утгаар нь ашиглаж чадахгүй л байна.

Нийгмийн сүлжээнүүдийн ирээдүй ямар байна вэ?
Нэг нартай сайхан өдөр бүх найзууд, ангийхнаа, амьдаануудаа болон бусад хэрэгтэй хүмүүстэйгээ уулзана. Хүмүүс хэзээ нэгэн цагт эцэс төгсгөлгүй үргэлжлэх утгагүй яриа, гэрэд зураг болон санад сэтгэгдлээ солилцохоос залхах болно. Улмаар энэ бүх харилцаа нь онлайнаас оффлайнд шилжиж, хүмүүс вэб сайтаар дамжуулан богино мессеж солилцох бус, нүүр тулан сууж аяга халуун кофе уунгаа зовлон жаргалаа хуваалцахыг илүүд үзэх болно.
Цаашид нийгмийн сүлжээнүүдийн оршин тогтнох гол хүчин зүйл нь түүний бизнес-загвар. Товчоор бол мөнгө босгох загвар. Үүнийг хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн, тэдний сонирхлыг татахуйц шинэ үйлчилгээнүүдийг хөгжүүлэх болон нэвтрүүлэх, цаашилбал гадаад зах зээлд гарах замаар шийдвэрлэж болно.
Өнөөдөр хэрэглэгчдийнхээ тоогоор “толгой цохиж” буй нийгмийн сүлжээнүүд хэр удаан энэ байдлаа хадгалж, тэсвэрлэх бол? Цэцэглэн хөгжих үү, эхнээсээ үүдээ барих уу? Нийгмийн сүлжээнүүд хэрэглэгчдээ барьж тогтоохын тулд цаг ямагт хөгжиж, төгөлдөрших шаардлага зүй ёсоор гарна, юу өөрчлөгдөж, шинээр юу бидний өмнө юуг санал болгох бол?

1 Comments:

  • At 3:31 PM, Blogger Unknown said…

    Би танай сайтад нэгдэж, 3 хоногийн дотор одоо миний түншээс ирсэн захиас ирсэн. 2 сарын мессеж, утасны дуудлагаас хойш бидэнтэй уулзаж, түүнийг харсан тэр мөчийг би мэдэрсэн. Тэр бол тэр байсан. Мөн тэр хэвээрээ байна. Via touch templeofanswer@hotmail.co.uk, дуудлага / Whatsapp +234 (815) 542-5481

     

Post a Comment

<< Home