Uyanga Sambuu

Wednesday, June 15, 2011

Өсвөр үеийнхний мэдээллийн хүртээмж, мэдээллийн технологийн хэрэглээ: Хамгийн энгийнээс нь эхэлье

М.Түвшинжаргал
Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн 11а ангийн сурагч

Канадын Олон Улсын Хөгжлийн Судалгааны Төв (IDRC) болон Датаком компаниас DREAM IT төслийн хүрээнд зарласан “Мэдээллийн Технологи – Хөгжилд” эссэ бичлэгийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн бүтээл


Би дунд сургуулийн төгсөх ангийн жирийн нэг сурагч, миний өмнө ирээдүйн мэргэжлээ сонгож, амьдралынхаа гол сонголт хийх хариуцлагатай үе улам бүр ойртсоор. Мэргэжлээ зөв сонгоход алсын хараа чухал гэж ярьдаг. Энэ сонголт бол хувь хүний амьдралдаа хийдэг олон сонголтуудын хамгийн чухал нь яах аргагүй мөн. Хэдийгээр хүмүүс ийм ч мэргэжил ирээдүйтэй, тийм ч мэргэжил эрэл хэрэгцээтэй хэмээн ярьцгаадаг ч энэ бүхэн хоосон яриа мэт заримдаа санагддаг. Зүй нь иймэрхүү олон нийтийн дунд түгсэн үзэл бодол, ярианд бус, хувь хүний өөрийн үзэл бодол, авьяас, зах зээл дэх судалгаа шинжилгээнд тулгуурлах нь зүйтэй гэж би үздэг. Мэдээж эхний ахмаа зөв хийж, мэргэжлээ зөв сонгож чадваас сэтгэл өөдрөг, үр бүтээлтэй ажиллаж, улмаар амжилтад хүрэх үүд хэн бүхний өмнө нээлттэй байна. “Хөдөлмөр 99 хувь, авьяас нэг хувь” гэсэн үг байдаг. Мэргэжлийн сонголтын яриа өрнөх бүрт мэдээллийн технологи гэдэг үг байнга л сонсогддог. Эцэг эх, багш, найзууд маань энэ чиглэлийн мэргэжлийг ирээдүйтэй, энэ мэргэжлийг сонгоно гэцгээдэг. Миний ээж мэдээллийн технологийн мэргэжилтэй. Тэрээр сурагч байхдаа “электроник”, “электрон тооцоолон бодох машин”, “програм хангамж” зэрэг үгсийн мөн чанарыг ч ухаж сайн ойлгоогүй хэрнээ орчин үеийн бас ирээдүйтэй мэргэжил байх хэмээн таамагласнаар “АСУ (орсоор) буюу удирдлагын автоматжуулсан систем” электроникийн инженерийн мэргэжлийг сонгосон гэдэг. Үнэндээ тэр үед энэ үгийн учрыг мэддэг хүн Монголд олон байгаагүй гэсэн. Гэвч ээж маань “сохроор” сонгосон энэ мэргэжлийнхээ ачаар өнөөдрийн хамгийн чухал, ирээдүйтэй гэгдэх технологийн салбартай хувь заяагаа холбосон, эзэмшсэн мэргэжлээрээ бахархаж явдаг. Харин өнөөдөр бүх юм өөр болсон. Аливаа мэргэжил төдийгүй орчлон ертөнцийн юмс үзэгдэл, нийгмийн амьдралын талаарх бүхий л мэдээллийг бид интернэтээс авах боломжтой болж.


Миний хувьд би мэдээллийн технологи биш олон улсын харилцааны эдийн засгийн мэргэжлийг сонгосон. Тэгвэл огт өөр мэргэжил сонгосон хэрнээ яагаад мэдээллийн технологийн талаар дээр дурдсан олон зүйлийг нуршив гэсэн асуулт зүй ёсоор гарна. Би мэдээллийн технологийн мэргэжлийн талаар биш хөгжилд, тэр дундаа хувь хүний хөгжил, бидний өдөр тутмын амьдрал, магадгүй мэргэжил сонгох зэрэг хариуцлагатай үед шийдвэр гаргахад мэдээллийн гүйцэтгэх үүрэг, мэдээллийн хүртээмж, энэ бүхэнд мэдээллийн технологи ашиглах талаар өгүүлэхийг зорилоо.


Өнөөдөр мэдээлэл, мэдлэг нь хүний нийгмийн хамгийн үнэт зүйл болж чадсан. Эрт дээр үеэс энэ дэлхийд хүч чадал ноёрхож, хүчтэй нь хүчгүйгээ боолчилж, газар орныг байлдан дагуулж, тэдний хөл дор сул дорой улс үндэстнүүд сөгдөн унаж байсан. Аж үйлдвэржилтийн эринд аварга том үйлдвэрүүд ар араасаа сүндэрлэн босож, ган хайлуулж, хамгийн хурдан, хамгийн хүчирхэг машин техник бүтээж чадсан их гүрнүүд хамгийн хүчирхэг, бас чадалтай байсан. Мэдээж дэлхийн татах хүчийг гэтэлж сансарт гарсан нь оргил цэг. Дараа нь банк санхүү, мөнгөний ноёрхол залган авч, банк, санхүүгийн эзэд, хувьцаа, үнэ ханшийг эзэмдэгчид л хамгийн баян, хамгийн хүчирхэг байсан. Монголд ч, АНУ-д ч, хаана ч хамгийн том бөгөөд өндөр сүрлэг барилга нь банкных. Тэгвэл одоо мэдээлэл, технологи, мэдлэгийн эрин. Өнөөдөр улс орон, хувь хүний хүч чадал, эрх мэдлийг, баян ядууг хэдэн халтар цаасаар бус, гартаа оруулсан мэдээлэл, мэдлэгээр хэмжих болжээ. Энэ бүхэн мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжил, тухайн улс орон, эсвэл хувь хүний мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглаж буй байдал, мэдээллийн хүртээмж, хөгжилд мэдээллийн технологийг ашиглаж буй байдал зэрэгтэй холбоотой байдаг болов уу.


Банк санхүү, боловсрол, эмнэлэг гээд л мэдээллийн технологийг ашигладаггүй салбар гэж үгүй, эдгээр бүх салбарт мэдээллийн технологийг ашиглах талаар мэдээж миний мэдлэг хомс, хүрэлцэхгүй. Иймд энэ талаар биш, өөрийн үе тэнгийнхэн, найзуудынхаа наад захын хэрэгцээт мэдээллийн хүртээмж, мэдээллийн технологийн хэрэглээ, хэрэгцээ, бас энэ бүхэнтэй холбоотойгоор бидний өмнө гардаг асуудал, бэрхшээлийн талаар ярихыг хүсэж байна. Мэдээж энэ асуудлаар томчуудын байр суурь биднийхээс өөр, магадгүй тэд хэтийг харсан, “том” юм ярих нь дамжиггүй. Харин миний ярих зүйл бол хамгийн энгийн хэрнээ бидний хувьд тун чухал асуудал.


Нэгдүгээрт мэдээллийн хүртээмж:

Дээр дурдсан мэргэжил сонгох хариуцлагатай үед төдийгүй, өдөр тутмын хичээлийн даалгаварт ашиглачихаар хүүхэд залуучуудад зориулсан баталгаат зөв мэдээлэлтэй, сургалт, танин мэдэхүйн монгол хэлээрх вэб (сургуулийн танилцуулга, сурагчдад зориулсан ном дээр байж магад) ховор, бараг байдаггүй. Эрээвэр хураавар мэдээллээс хэрэгцээт мэдээллийг төрөлх хэлээр (англиар биш шүү) олж авах боломж тэр бүр байдаг билүү? Олж авсан мэдээлэл маань цаг үетэйгээ нийцдэг билүү? Эдгээр асуултуудын хариулт нь бас л “бүтэл муутай” талдаа. Тэгвэл би ээж шигээ “харанхуй” мэргэжлээ сонгохыг хүсэхгүй байна. Эзэмших гэж буй мэргэжлийнхээ онцлог, манайд энэ чиглэлийн боловсон хүчин их байдаг эсэх, тавигдах шаардлага, төгсөөд ажил олдох эсэх, хаана ажиллах, юу хийх гээд л маш их мэдээллийг авч, тэр бүх мэдээлэл дээр дүн шинжилгээ хийсний үндсэн өөрийн мэргэжлээ зөв сонгохыг хүсэж байна, ийм мэдээлэл надад хэрэгтэй байна. Би хүссэн мэргэжлээрээ төгсөөд ажилгүй залуусын эгнээг нэгээр нэмж, дэлгүүрийн лангууны ард зогсохыг хүсэхгүй байна! Харамсалтай нь эзэмших мэргэжлийн минь талаар их дээд сургуулийн вэбэд байгаа ганц хоёр өгүүлбэрээс илүү мэдээлэл олдохгүй нь. Над шиг наад зах нь эзэмших мэргэжлийнхээ талаар хамгийн их мэдээлэлтэй гэгдэх интернэтээс мэдээлэл олж чадахгүй хүүхэд олон байгаа. Энэ бол зөвхөн жишээ. Хэвлэсэн номыг сар тутам шинэчлэх нь хэцүү, боломжгүй байх. Тэгвэл вэб дээрх мэдээллийг өдөр тутам, бүр хэд хэдэн удаа шинэчилж болно. Бидэнд зориулсан, бидэнд хэрэгтэй мэдээллийг бидэнд хүртээмжтэй болгомоор байна.


Хоёрдугаарт мэдээллийн технологийн хэрэглээ:

Өнөөдөр хүүхэд залуучууд, тэр дундаа ид төлөвших насандаа яваа өсвөр насныхан (манай улсын нийт сурагчид гэж хэлж болохгүй байх) интернэт сүлжээг ашигладаг, компьютер тоглоомоор их тоглодог, телевизийн олон сувгаар төрөл бүрийн мэдээлэл, нэвтрүүлгийг хүлээн авах боломжтой болсон. Үүнээс мэдээллийн технологи нь хүүхэд залуусыг хөгжүүлэх, тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлэх, чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэхэд чухал үүрэгтэй гэж хэлж болохоор ч бодит байдалдээр илүү сөрөг асуудлыг авчраад байх шиг. Дээрх бүх сувгуудаарх мэдээ мэдээлэлд бидний нас бие, сэтгэхүйн онцлогоос давсан, “томчуудад” зориулсан мэдээлэл их байдаг, ийм төрлийн мэдээлэл, бас түүнийг хүлээн авах, ашиглаж байгаад хяналт тавьж буй байдал ч алга. Компьютерийн ард суугаад ан амьтан, эсвэл эсрэг талын баатруудыг зүгээр л цус урсган буудаж байгаа тоглоомоор инээд алдан тоглож байгаа хүүхдүүд интернэт каце, гейм центрээр зөндөө л байна. Үүнийг томчууд тэр бүр анхаардаг билүү? Бас интернэт хэрэглээ. Гадаадын социологийн компаниудаас гаргасан мэдээгээр өдгөө интернэтэд 7-14 насны 6-8 сая хэрэглэгч байдаг ба тэдний 25 хувь нь сургуулийн өмнөх насны хүүхдүүд байдаг, тэдгээр хүүхдүүд эцэг эхийн ямар ч хараа хяналтгүйгээр интернэтээр “хэсүүчилдэг”. Энэ интернэтээр хүссэн вэбээрээ тэнэж, удаан хугацаагаар ашиглах зэрэг “хязгааргүй их эрх чөлөө” маань өсөж яваа бидний сэтгэхүй, хүмүүжил, төлөвшилд тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлдөг гэж би үздэг. Гэвч энэ асуудал дээр интернэтийг ашиглаж буй бид буруутай биш, энэ орчныг бүрдүүлээгүй төр засаг, томчууд буруутай. Өөрийн мэдэх хэдхэн жишээ хэлье. Жишээ нь Hi5. Миний эргэн тойрныхон, бүх найзууд маань энд цуглардаг, зургаа хуваалцдаг. Харин хэн маань ч хувийн мэдээллээ нийтэд нээх нь зөв эсэх, цаашид ямар нэг сөрөг асуудал гарах эсэх талаар боддоггүй. Бас нэгэн жишээ одоогоос хэдхэн сарын өмнө dragonadoptors хэмээх луу тэжээдэг вэбэд мөн л бүгд орж, луугаа тэжээж өдөртөө олон удаа ханддаг болсон. Тэгвэл бидэнд аюулгүй, боловсрол танин мэдэхүйн, сонирхолтой, иймэрхүү интернэт хамтын орчин хэрэгтэй байна. Тэгвэл гадаадын орнуудад хүүхэд залууст зориулсан төрөл бүрийн сүлжээ буюу вэб орчин олон байдаг. Яагаад бидэнд зориулж, бидний интернэт дэх аюулгүй байдлыг бүрэн хангасан, нийгмийн амьдралд дасан зохицох боломжийг олгосон, зөвхөн бидний эрх ашигт нийцсэн иймэрхүү орчинг үүсгэж болохгүй гэж? Webkinz зэрэг олон орны хүүхэд залуучуудыг эгнээндээ нэгтгэсэн том сүлжээнд Монголын орон зайг нээж болохгүй гэж? Иймэрхүү вэбүүд нь хүүхдүүдэд боловсрол, танин мэдэхүйн интерактив агуулгыг санал болгоод зогсохгүй урьдчилан загварчлагдсан системийн дагуу хүүхдүүдийг ёс зүйд үл нийцэх тааламжгүй мэдээллээс бүрэн хамгаалдаг гэж би сонссон. Жишээ болгон авсан Webkinz сүлжээ гэхэд л 2009 оны сүүлийн байдлаар дэлхийн 26 хэлээр 50 гаруй орон ашигладаг, сард давтагдаагүй тоогоор 5 сая хэрэглэгч уг вэб зочилдог гэсэн тоо бий. Яагаад бид үүний нэгээхэн хэсэг нь байж болохгүй гэж? Дээрх бүх “яагаад” гэсэн асуултуудын хариулт нь тун энгийн, “мэдээж болно”. Тэгвэл яаж? гэсэн асуулт гарна. Хариулт нь санаачилга, бодит ажил. Энэ бол өмнө хэлсэн мэдээллийн хүртээмжтэй ч холбоотой.


Бидэнд юу хэрэгтэй вэ?

  1. Бидэнд соёлтой интернэт хэрэглээг төлөвшүүлэх талаарх төрийн бодлого, томчуудын анхаарал
  2. Бидний нас сэтгэхүйд тохирсон сургалт, танин мэдэхүйн мэдээлэл бүхий монгол хэлээрх төрөл бүрийн вэб
  3. Бидэнд зориулсан хэрэгцээт мэдээллийг интерэнтээр дамжуулан бидэнд нээлттэй, олдоцтой, хүртээмжтэй болгох
  4. Бидэнд зориулсан монгол хэлээрх нийгмийн сүлжээ


Бид юу хийх хэрэгтэй вэ?

  1. Мессеж, чаатаар харилцахаасаа өгсүүлээд цахим харилцаанд биеэ соёлтой авч явах
  2. Наснаасаа ахадсан, ёс бус мэдээлэлтэй вэбээр хэсэхгүй байх
  3. Бидний төлөө дээрх чиглэлүүдээр хийгдэх ямар нэгэн ажлыг дэмжих, багш эцэг эхчүүдтэйгээ хамтран ажиллах


Эцэст нь хэлэхэд дэлхий ертөнц улам бүр даяарчлагдаж, мэдээллийн технологи хурдацтай хөгжиж, та бидний өдөр тутмын амьдралын хэв маягийг ихээр өөрчлөх болсон өнөө үед хамгийн хурцаар тавигдаж буй асуудал бол ХҮНИЙ ХӨГЖЛИЙН АСУУДАЛ. “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэдэгчлэн хүүхэд залуус бидэнд зөв хүн болж төлөвших, нийгэмд зөв амьдрахын тулд бидэнд зориулсан мэдээлэл хүртээмжтэй байж, бидний нийгэм дэх мэдээллийн хэрэглээ зөв байх ёстой гэж үзэж байна. Мэдээж энэ бүхэнтэй мэдээллийн технологийн хэрэглээ, ашиглалтын асуудал шууд холбоотой.


Өсвөр үеийнхний мэдээллийн хүртээмж, мэдээллийн технологийн хэрэглээний асуудалд анхаарч, нийтээрээ анхааран ажиллахыг уриалж байна.

0 Comments:

Post a Comment

<< Home