Uyanga Sambuu

Thursday, June 28, 2001

Эрдэнэт хотод зорчсон тэмдэглэл

Түрүүч нэг, хоёрдугаар хэсэг
Ингээд л 2001 зургаадугаар сарын 27-ны өдрийн орой Pantleg ажлын хэсэг бүрэн бүрэлдэхүүнээрээ (Bo Goransson, Merlita Opena, Ricardo Varela, Joseph Loyola, Senthil Kumaran, Poline Bala, Roger Harris, Б.Наранцэцэг агсан, С.Уянга) НҮБ-ын ажилтан Margreet van Dooderwaard, ИнфоКон компанийн ажилтан Д.Төмөрпүрэв, Интернэт ба Мэдээлэл төвийн ажилтан, НҮБ-ын сайн дурын ажилтан Mark Heard нарын хамт арван хоёулаа Эрдэнэт хотыг галт тэргээр зорилоо. Галт тэргэнд “хуралдаж явсаар” өглөө 08.30 цагт Эрдэнэт хотод ирлээ. Биднийг Эрдэнэт үйлдвэрийн Технологийн автоматжуулалт ба тооцоолон бодох техникийн цехийн дарга Т.Ринчинжүгдэр тосч, Сэлэнгэ зочид буудалд буулгалаа. Хөнгөн хооллоод ОНЭТ төвөөс ажлаа эхэллээ.

ОНЭТ төвд
ОНЭТ төв нь 6 компьютертэй. Үүний 5 нь үйлчилгээнд ашиглагддаг. Тус төв нь Интернэт, и-мэйлийн үйлчилгээ, сургалтаас гадна Интернэтийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага (ISP). Тус төв нь компьютерийн анхан шатны болоод Интернэтийн сургалтыг сард 3 удаа зохион байгуулж, төгсөгчдөд Гэгээрлийн яамны зөвшөөрөлтэй сертификат олгодог. Суралцагсдын хувьд сургалтанд хамрагдах хугацаандаа Интернэтийг үнэгүй ашиглах боломжтой аж. Орон тооны хоёр ажилтантай. Интернэт ашиглах нэг цагийн үнэ нь 900 төгрөг. Үйлчлүүлэгчдэд Интернэтээс мэдээлэл хайж өгөх үйлчилгээг үзүүлдэг юм байна. Төвийнхөө үйлчилгээний талаар тус төвийн захирал Р.Гэрэлчимэг “Манай төвөөр Эрдэнэт үйлдвэр, ТИС-ийн харъяа Технологийн дээд сургууль, I, IV дунд сургууль, өнчин хүүхдийн Энэрэл төв зэрэг байгууллагууд үйлчлүүлдэг. Одоогоор 20 гаруй хэрэглэгчид гэрээсээ dial-up холболтоор холбогддогв Бид Интернэтийн утасны үйлчилгээг нэвтрүүлэхээр бэлтгэлээ хангаад байна” гэж ярилаа.

Эрдэнэт үйлдвэрийн талаар товчхон
Эрдэнэт хот, эрдэнэтчүүдийн амьдрал Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэтийн овооноос шууд хамааралтай учраас Эрдэнэт хотыг энэхүү үйлдвэр, Эрдэнэтийн овооноос салган үзэх нь утгагүй юм. Эрдэнэтийн овоо нь Орхон Сэлэнгийн хөндийд уртрагийн 49 градус 01 цаг 02 минут, өргөрөгийн 104 градус 01 цаг 02 минутын солбилцолд, засаг захиргааны байршлын хувьд манай улсын төвийн бүсийн хойд хэсэгт Орхон аймгийн нутаг дэвсгэрт орших бөгөөд далайн төвшнөөс 1606 метр өргөгдсөн уул юм. Эрдэнэт үйлдвэр нь 1973 оны арваннэгдүгээр сард хоёр улсын хамтын хэлэлцээрээр байгуулагдсан. Уулыг баяжуулах Эрдэнэт үйлдвэр нь 22 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд жилдээ 24 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай, орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон үйлдвэр юм. Өдгөө хайлуулах үйлдвэрийн асуудал тавигдаж байгаа ажээ.

Эрдэнэт үйлдвэрт
12 цагаас бид уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг зорилоо. Үйлдвэрийн захиргааны хаалгаар ороход хаягаас нь эхлээд л нэг л “орос уур амьсгал” мэдрэгдэж байлаа. Биднийг Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал З.Ганбаатар хүлээн авч уулзлаа. Тэрээр үйлдвэрийнхээ талаар товч танилцуулаад Pantleg ажлын хэсгийнхний сонирхсон асуултанд хариуллаа. Эрдэнэт үйлдвэрээс Эрдэнэт хотын нийгмийн асуудалд хэрхэн ханддаг талаар бидний тавьсан асуултанд З.Ганбаатар захирал “Эрдэнэт хот бол улсаас татаас авдаггүй цорын ганц хот. Манай үйлдвэрийг Орхон аймгийг давхар авч явдаг гэж үзэж болно. Иймд аймгийн болоод хотын нийгмийн асуудалд гүйцэтгэх үүрэг асар их. Жишээлбэл, энэ онд гэхэд л 1300 хүүхдийн багтаамжтай дунд сургуулийг засгийн газрын ямар ч оролцоогүйгээр нийтэд зориулж ашиглалтанд оруулна. Шинэ сургуулийн хувьд орчин үеийн 30 компьютертэй хичээлийн лаборатори байгуулж байгаа. Ер нь манай үйлдвэрийн харъяа 10 гаруй сургууль, цэцэрлэг байдаг бөгөөд үүнд зөвхөн манай үйлдвэрийн ажилчдын бус нийт хотын оршин суугчдын хүүхэд суралцдаг. Эдгээр сургууль, цэцэрлэгийн бүх зардлыг үйлдвэр бүрэн даадаг төдийгүй үйлдвэрийнхээ нэг компьютерийг сольсон ч түүнийгээ сургуульд шилжүүлдэг” гэж ярилаа. Эрдэнэт үйлдвэрт үдийн зоог барьсны дараа Ганбаатар захирал бидэнд үйлдвэрээ танилцууллаа. Телевизийн дэлгэцнээс хальт харж, сонины хуудаснаас энэхүү аварга том үйлдвэрийн талаар хов жив голдуухан мэдээллийг хааяа гарчиглаж байсан миний бие Эрдэнэт үйлдвэрийг гайхан шагширч явлаа. Үнэхээр том, аварга үйлдвэр гэдгийг өөрийн нүдээр үзэж, бахархах сэтгэл төрж байлаа. Хэдийгээр тус үйлдвэр 6500 гаруй ажиллагсадтай гэсэн хэдий ч бужигнаад байгаа олон хүнийг олж харсангүй. Орчин үеийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж, технологийг энд л харж болно. Үйлдвэр дунд шилэн хоргонд буй терминал дэлгэц нь боловсруулалтын явцыг харуулж байлаа. Харин үйлдвэр дотор оросоор бичсэн уриа лоозонгууд их өвөрмөц санагдаж байсан шүү. Эрдэнэт үйлдвэр болоод тус үйлдвэрийн автоматжуулалтын талаар Технологийн автоматжуулалт ба тооцоолон бодох техникийн цехийн дарга Т.Ринчинжүгдэртэй хийсэн ярилцлагыг уншина уу.

Интернэтийн мэдээллийн төвөөр дахин зочлохуй
Эрдэнэт үйлдвэрээс гараад ОНЭТ төвд дахин ирж, үйлчлүүлэгчидтэй уулзаж ярилцлаа. Энэ боломжийг ашиглаад бид ч захиагаа шалгаж амжив. Ингээд өдрийн 15 цагт IV дунд сургуулийг зорилоо.

Орхон аймгийн 10 жилийн IV дунд сургуульд
Тус сургууль нь 1980 онд байгуулагдсан, 2 бага сургууль, нэг дунд сургууль, нэг ахлах сургуультай цогцолбор сургууль юм. Ахлах сургууль нь 2100 сурагчтай, хими, физик зэрэг гол гол хичээлүүдийн лабораториудтай. Бид тус цогцолбор сургуулийн захирал Г.Гүнчинсүрэнтэй уулзлаа. Дашрамд сонирхуулахад тус сургууль нь дөрвөн жилийн өмнө Канадын олон улсын хөгжлийн төв, ДатаКом компанийн санхүүжилтээр Интернэт ба Мэдээлэл төв Гэгээрлийн яамтай хамтран хэрэгжүүлсэн “Сансрын холбооны сүлжээгээр мэдээлэл түгээх технологийг ашиглан дунд сургуулиудыг Интернэтэд холбох, Мэдээллийн төв байгуулах” төслийн хүрээнд хөдөөгийн сургуулиудаас Интернэтэд холбогдсон анхны сургууль юм. Төслийн хүрээнд хоёр багшийг сургалтанд хамруулж, улмаар эдгээр багш нар аймагтаа сургалт зохион байгуулснаар Интернэтийг ашиглаж эхэлсэн байна. Тус сургууль компьютерийн лабораторигүй учраас I сургуулийн лабораторийг ашигладаг байна. Өдөөг тус сургууль нь 5 компьютертэйгээс нэг нь Интернэтэд холбогдсон юм байна. Нэг компьютерийг хэрхэн ашигладаг талаа бидний тавьсан асуултанд Г.Гүнчинсүрэн захирал “Бид энэ компьютерээ тодорхой хуваарийн дагуу ашигладаг. Өөрөөр хэлбэл, заах аргын нэгдлээрээ ажилладаг. Гэвч сүүлийн үед төлбөрийн асуудал дээр хүндрэлтэй байна. Иймд энэ жилээс төсөвт тусгахаар мөрийн хөтөлбөрт оруулаад байгаа” гэж ярилаа. Дашрамд сонирхуулахад нөгөө л хөрөнгө мөнгөний гачаал, төлбөрийн асуудлаас болж, тус сургуулийн сурагч Ж.Мөнх-Ялалт, Ц.Мөнхсайхан, Ж.Амгалан, Л.Хаш-Эрдэнэ нар олон улсын хэрэглээний эдийн засгийн онлайн уралдааны сүүлчийн даваанд оролцож чадаагүй харамсалтай явдал болсон байна. Уг нь тус баг 900 багаас шалгарч, Канадын багийн дараа хоёрдугаар байрт явж байжээ.

Улаанбаатар хотын зүг
Ингээд л бидний явах цаг ч боллоо. Эрдэнэт хотоос хөдлөхөд бороо шивэрч байлаа. Галт тэргэнд хөдөө орон нутагт мэдээлэл холбооны технологийг хөгжүүлэх тухай халуун яриа хөвөрсөөр... Чухамхүү энэ асуудал бол бидний хэдэн өдрийн туршид дуусдаггүй, бас тэгээд залхдаггүй “халуун сэдэв” байсан билээ. Ийнхүү “богц дүүрэн“ мэдээлэл, туршлага, санаа өвөрлөцгөөн Улаанбаатар хотыг зорилоо.

Биднийг Эрдэнэт хотод ажиллахад гүн туслалцаа үзүүлсэн, хамтран ажилласан ОНЭТ төв, Эрдэнэт үйлдвэрийн захиргаа, IV сургуулийн захиргаа болон нийт багш, сурагчиддаа гүн талархал илэрхийлье.

Monday, June 25, 2001

Дорнод аймагт зорчсон тэмдэглэл

Түрүүч
Зарим нөхөд маань хүндэтгэх шалтгааны улмаас монголд хараахан ирж амжаагүй байсан учраас бид долуул (Bo Goransson, Merlita Opena, Ricardo Varela, Senthil Kumaran, Roger Harris, Б.Наранцэцэг, С.Уянга) Дорнод аймгийг зорилоо. Онгоц маань замдаа Хэнтийгээр дайрч, шороон зурвас дээр буухад зарим нөхөд маань аваарын буулт хийлээ хэмээн “бяцхан сандарсныг“ эс тооцвол онцын адал явдалгүй Чойбалсан хотноо буулаа. Биднийг Дорнод аймгийн Интернэт Мэдээллийн төвийн захирал Л.Идэрзана, менежер Б.Энхбаатар нар тосон авлаа.

Дорнод аймгийн талаар товчхон
Дорнод аймаг нь 125 мянган кв метр газар нутагтай, 78000 хүн амтай. 14 сум, 830 мянган толгой малтай. Аймгийн төв Чойбалсан хот 42000 оршин суугчтай. Нийт хүн амын 70 орчим хувь нь хүүхэд залуучууд. Тус хот ХАА-н эрдэм шинжилгээний хүрээлэн, ХААИС–ийн салбар, Монгол Мэдлэгийн Их Сургуулийн Дорнын салбар, УБИС харъяа Багшийн коллеж, МИСҮТөв /2/, ЕБС-ийн 12 сургуультай. ОХУ руу байнгын гарцтай, Хятад улс руу улирлын гарцтай. Урьд нь тус аймаг 7 үйлдвэртэй харьцангуй үйлдвэржсэн аймаг байсан боловч зах зээлийн үед 5 үйлдвэр хаалгаа барьжээ. Өдгөө зогссон үйлдвэрүүдийг хэсэгчлэн ажиллагаанд оруулж байна. Албан бус мэдээгээр 15000 хүн (5 хүн тутмын нэг нь) ажилгүй. Монголын хөгжлийн Зүүн бүсийн төв болон хөгжих ойрын ирээдүйтэй.

Чойбалсан хот орох замд
Дорнод аймгийн нисэх онгоцны буудлын хажууд олон улсын онгоцны нөөц буудал байгуулах ажил эхэлсэн байв. Нисэх онгоцны буудлаас хотын зүг явахад холоос эгнэн жагссан орон сууцны барилгууд нүднээ тусч байлаа. Гэвч нэлээд ойртоход эдгээр арваад байр нь орон сууц биш, хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон хүмүүсийн ам дамжин харуусан ярьдаг оросын цэргийн хуарангийн балгас байв. Авч болох бүхий л зүйлийг нь аль хэдийнэ тоносон эдгээр барилгыг хараад “Даанч дээ, өөд нь татаад ашиглаж болоогүй юм байх даа. Хайран юм” гэж харуусах сэтгэл төрж байсныг нуух юун. Хожим энэ талаар нутгийнхнаас асуухад “Бид ашиглах гэж янз бүрээр л үзсэн. Айлууд нүүж ороод хэт хүйтэн байсан учраас аргагүйн эрхэнд гарцгаасан. Халаалтыг нь бид дийлэхгүй юм байна лээ. Орос ах нар мазутаар халаадаг байсан. Бид өндөр үнэтэй мазутыг ашиглаж дийлэхгүй учраас яах ч арга алга. Тэгээд ч хотоос хол. Эдгээр барилгуудыг энэ хэвээр нь ашигласанд орвол зөөгөөд шинээр барьсан нь дээр” гэж ярьж байлаа. Нийслэлчүүд бид ч гэсэн зарим үед гэртээ дах дэгтий өмсөх нь холгүй даарч, зутруухан өвөлждөг хэдий ч орон гэрээсээ дайждаггүй билээ. Нэгэнт л босгосон барилгыг яаж ч бодсон өөд нь татаад, ашиглаж болмоор санагдана. Ядаж л зуны гурван сардаа гадаад дотоодын жуулчид, амрагчдыг хүлээн авдаг амралтын цогцолбороос эхлээд улирлын чанартай ажил үйлчилгээ явуулахад ашиглаж болоогүй юм байх гэж бодогдож байлаа. Ер нь Чойбалсан хотын зүг явахад цэргийн сургуулилтын зориулалттай нуувч, талбай зэрэг объектууд тааралдаж, хайран газар, хайран байгаль хэмээн харуусах сэтгэл төрж байлаа.

Зочид буудалд
Биднийг аймагтаа л гайгүй үйлчилгээтэйд тооцогддог (наян чавганц уралдвал нэг нь түрүүлдэг гэсэн үг байдаг даа) То Ван хувийн зочид буудалд буулгалаа. Гадаадын жуулчдын оргил цагаар очсон учраас биднийг мөнгөө хэрхэн үрэхээ мэдэхгүй байгаа баян жуулчид (уг нь бид ажлаар явж байгаа) гэж бодсон бололтой, нөгөө л гадныхнаас ахиухан мөнгө саах гэсэн сэтгэлгээгээр хандаж, нэг ор 20-25 ам.доллар, нэг өрөөнд хоёулаа орвол 40-50 ам.доллар (хачин юм даа, уг нь хямдармаар юм, гурван одтой зочид буудлын үнэтэй дүйцэж байгаа биз) хэмээн “үнэрхэв”. Гэвч эцэст нь хажуугийн буудал руу явчихаас айсан буудлын үйлчлэгч буулт хийж, нэг хүнийг 20-25 ам.доллараар нэг өрөөнд оруулахаар боллоо.

Интернэт Мэдээллийн төвөөр
Ингээд л бид буудалдаа орж, бяцхан төвхнөж аваад (буудлын үйлчилгээ үнэндээ тохироогүй тааруухан байсныг хэлэх нь зүйтэй болов уу) өглөөний 11 цагт аймгийн номын санд байрлах Интернэт Мэдээллийн төвөөс ажлаа эхэллээ. Дорнод аймгийн Интернэт Мэдээллийн төв нь МННХ(Соросын сан)-ийн санхүүжилтээр орон нутгийг Интернэтэд холбох төслийн хүрээнд байгуулагдсан төв юм. 5 компьютертэй (нэг нь жагсаалаас гарсан), 2 ажилтантай тус төв нь анх байгуулагдсан цагаасаа хойш давхардсан тоогоор нийт 7000 гаруй хүнд үйлчилсэн бөгөөд МННХ(Соросын сан)-ийн эрхийн бичиг, аймгийн ЗДТГ-ын зөвшөөрлийн дагуу дунд сургуулийн багш, эмч нарт үнэгүй үйлчилгээ үзүүлдэг байна. Үйлчлүүлэгчдийн дийлэнх хувь нь и-мэйл ашигладаг. Өнгөрсөн хугацаанд Интернэт, и-мэйлийн үйлчилгээ, анхан, дунд шат, Интернэтийн сургалт явуулахаас гадна dial-up холболтоор 10 гаруй байгууллагыг Интернэтэд холбож үйлчилгээ үзүүлж байгаа ажээ. Сүүлийн үед Вэб хуудас боловсруулах болон зургийн программын сургалтыг зохион байгуулж, Вэб хуудас хийх ажил эрчимтэй явагдаж байна. Тус төвийн ажилтнууд өнгөрсөн онд Улаанбаатар хотын Интернэт ба Мэдээлэл төвийн ажилтнуудын хамтаар аймгийнхаа Вэб хуудсыг (www.mol.mn/dornod) хийж, Интернэтэд байрлуулсан билээ. Энэхүү Вэб хуудас нь орон нутгийн анхны Вэб хуудас байсан юм. Өдгөө хэд хэдэн Вэб хуудсыг өөрсдийн хүчээр хийгээд байгаа аж. Биднийг очиход ажил үйлчилгээ ид оргил үедээ явагдаж байлаа.

Интернэтийг хөдөө орон нутагт түгээгч
Өнөөдөр Дорнод аймагт компьютер, Интернэт содон зүйл байхаа хэдийнэ больжээ. Харин энэ төв байгуулагдахаас өмнө ямар байсан бол? Тус төвийн менежер Б.Энхбаатар “Бид өөрсдөө анх Интернэт гэж юу байдгийг, энэ талаар ямар ч ойлголтгүй байсан. Анх Улаанбаатар хотод очоод Интернэт ба Мэдээлэл төвд компьютерийн анхан шатны сургалтаас эхлээд л сурч эхэлсэн дээ. Бидэнд техник хангамжийн асуудал дээр ДатаКом компани, үйл ажиллагааны тал дээр Интернэт ба Мэдээлэл төв тусалж, хамтран ажилладаг. За тэгээд ямар нэгэн асуудал гарвал и-мэйл бичих юм уу, чаталж гарна даа. Өнөөдөр манай аймагт Интернэт тодорхой түвшинд хэрэглээ болж чадсан” гэж ярилаа. Тус төвийнхэн үйлчилгээ явуулахаас гадна бусад аймгуудын Интернэтийн төвүүдтэй ихээхэн холбоотой ажилладаг. Үүний тод жишээ бол Интернэт ба Мэдээлэл төвөөс зохион байгуулсан “Шинэ зууны эзэд”, “Төрийн түшээ” Интернэт ярилцлагуудад аймгийнхаа залуучууд, байгуулагуудыг зохион байгуулж оролцдог явдал юм. Түүгээр үл барам бусад Интернэтийн төвүүдтэй хамтран аймгийн засаг дарга нарыг оролцуулж, Интернэт ярилцлага зохион байгуулсан байна. Ер нь аливаа асуудлыг, зохион байгуулах арга хэмжээний талаар бусад Интернэтийн төвүүдтэй харьцахдаа гол төлөв чатыг ашигладаг гэнэ. Гэвч төвийн үйл ажиллагаатай бүрэн танилцаж хараахан амжаагүй байтал аймгийн засаг даргатай уулзах цаг болж, бид төвийг орхилоо.

Аймгийн ЗДТГазарт
Ингээд 12 цагт аймгийн засаг даргатай уулзахаар аймгийн захиргаанд ирлээ. Засаг дарга эзгүй байсан учраас биднийг ЗДТГ-ын дарга Н.Хүрэлбаатар хүлээн авч уулзлаа. Тэрээр аймгийнхаа талаар товч танилцуулаад мэдээлэл холбооны технологийг хөгжүүлэх талаар “Аймгийн захиргааны зүгээс сумдад мэдээлэл хүргэх асуудал дээр ихээхэн анхаарал хандуулж байна. Бидний хувьд байнгын эрчим хүчний асуудал ихээхэн хүндрэлтэй байна. Холбооны шинээр нэвтрүүлэх системд сумдууд хамрагдаж байгаа. Одоогоор хоёр сум 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэх төслийн хүрээнд төвийн эрчим хүчинд, хилийн хоёр сум ОХУ-аар дамжуулан, 6 сум JICA-аар дамжуулан цахилгаанаар холбогдохоор төлөвлөгдөж байна” гэж ярилаа.

Бидний хамгийн их сонирхож байсан асуудал бол тус аймгийн Интернэт Мэдээллийн төвийн цаашдын хувь заяа байлаа. Үүсэн байгуулагдсан цагаасаа хойш бишгүй л зүйлийг хийж, бас ч гэж хийх бүтээх, шинийг эрэлхийлэх хүсэл эрмэлзлэлээр дүүрэн байгаа, өөрийн гэсэн хэрэглэгчтэй болж чадсан энэ төвийн хувь заяаг МННХ(Соросын сан)-д даатгаад орхих уу, зөнд нь орхиод оросын цэргийн ангийн балгас шиг яйран болгоод хаях уу, аль эсвэл боломжийн хэрээр арчлан тордоод аваад явах уу гэдэг асуудал бүхнээс чухал байлаа. Энэ нь төслийн хугацаа дуусч буйтай бидний хийсэн аялал давхцанд бус ердөө л хөгжиж буй аль ч оронд төслийн хүрээнд байгуулагдсан иймэрхүү төвүүдийн цаашдын бие даан оршин тогтнох асуудал ижил байдагт оршиж байлаа. Өнгөрсөн онд Малайз улсад болсон олон улсын Pantleg семинарын үед eBario тосгонд зочлох үед санхүүжилт дуусвал цаашид яах вэ гэсэн асуудал яригдаж байсан. Иймээс энэ асуудал бол Соросын сан байхгүй бол, санхүүжүүлэхгүй бол бид яах вэ гэж гайхшаа барсан манай хэдэн Интернэтийн төвийнхний асуудал биш, хөгжиж буй орнуудын амьдралын хэв маяг, байгаль, цаг уур нь өөр өөр гэсэн ч тавигдаж буй асуудал, бэрхшээл нэг гэдгийг ойлгон хамтран шийдэл олох нь чухал гэдгийг ойлгох хэрэгтэй. Чухамхүү энэ асуудлын улмаас Pantleg ажлын хэсэг бодит байдалтай танилцаж, харилцан суралцаж, туршлага солилцож, дүгнэж, шийдэл олох зорилготойгоор ажилладаг билээ.

“Санхүүжилт зогссоны дараа АЗДТГ энэ төвд ямар дэмжлэг үзүүлэх вэ?” гэсэн бидний асуултанд Хүрэлбаатар дарга “МННХ (Соросын сан)-аас биднийг цаашид Интернэтийн холболтын төлбөр сарын 800 ам.долларыг төлж чадвал тоног төхөөрөмжийг үлдээнэ гэсэн тул энэ асуудлыг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэж, төсөвт тусгахаар болсон. Гэвч манай аймгийн хувьд энэ нь хүндрэлтэй байгаа учраас төлбөрийн хагасыг МННХ (Соросын сан)-аас гаргуулах хүсэлтийг тавьж байгаа. Үлдэх хэсгийг төлбөрт үйлчилгээгээр хаах боломжийг ч авч үзэж байна” гэж ярилаа. Ямартай ч Интернэт Мэдээллийн төвийн үйлчилгээ тус аймгийн оршин суугчдад төдийгүй удирдлагад хүрсэн нь, Интернэт, и-мэйл хэрэгтэй зүйл болж, тодорхой түвшинд хэрэглээ болсон нь бидэнд мэдрэгдэж байлаа. Бусад Интернэтийн төвүүдийн байдал (Баянхонгор, Өмнөговь аймгуудын Интернэтийн төвүүдийн төслийн хугацаа дуусч байгаа) ямар байгааг мэдэхгүй ч гэлээ ядаж л Соросын сан санхүүжилтээ зогсоосон ч гэсэн Дорнодын Интернэт Мэдээллийн төвийг дэмжих, туслах, авч явах хүмүүс байгааг бид мэдлээ.

Интернэт Мэдээллийн төвөөр дахин зочлохуй
Ингээд өдрийн 14.00 цагт Интернэт Мэдээллийн төвөөр дахин зочиллоо.

Интернэт клуб-шинэ санаа, эрч, хүч, хүсэл эрмэлзлэл
Интернэт Мэдээллийн төвөөр зочлоход ижил хувцасласан охид ихэд содон харагдаж байлаа. Энэ бол тус төвийн дэргэдэх Интернэт клубын гишүүд. Тус клуб нь энэ оны дөрөвдүгээр сард тус төвийн ажилтан Б.Энхбаатарын санаачлагаар Б.Эрдэнэчимэг ахлагчтайгаар анх байгуулагдсан бөгөөд олон нийтэд Интернэтийн ач холбогдлыг таниулж, амьдралын хэрэгцээ шаардлагатай уялдсан бодит хэрэглээг өргөжүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Вэб хуудас боловсруулах, мэдээлэл боловсруулах, сурталчилгаа-судалгааны гэсэн гурван хэсэгт хуваагдан ажилладаг. Дашрамд сонирхуулахад одоогоос хэдэн жилийн өмнө Улаанбаатар хотын Интернэтийн олон нийтийн төвд Интернэт клуб ажилладаг байсан бөгөөд гишүүд тодорхой хугацааны туршид хамрагдаж, хүсэл сонирхлоороо харилцан суралцдаг байсан юм. Харин энэ клубынхэн бол огт өөр байлаа. Бидэнд тэдний ярианаас мэдрэгдэж байсан гол зүйл бол хамтач байдал, шинийг эрэлхийлж, суралцах, хийе бүтээе гэсэн хүсэл эрмэлзлэл байлаа. Тус клубын гишүүд чөлөөт цагаараа сайн дураараа ажилладаг. Үнэхээр бүгдийг мөнгөөр хэмжих болсон зах зээлийн өнөө үед сайн дураараа, цалин хөлсгүй, тэр тусмаа сэтгэл гарган ажиллаж буй эдгээр залуучуудыг хараад бахархах сэтгэл төрж байлаа. Клубын Вэб хуудсанд http://mail.dornod.mn/users/iclub/index.htm хаягаар хандаж болно.

Орших уу, эс орших уу?
Зуун удаа сонсохоор нэг удаа үз гэдэг. Миний бие нь МННХ (Соросын сан)-ийн санхүүжилтээр байгуулагдсан дээрх төвүүдийг мэдээллийн төв маягаар бус, ердийн Интернэт кафе маягаар ажилладаг хэмээн нэлээд шүүмжлэлтэй ханддаг нэгэн билээ. Гэвч бодит байдалтай танилцаад ташаа ойлголттой явснаа мэдлээ. Өчнөөн тоног төхөөрөмж, ажилтнуудтай атлаа хийж бүтээсэн зүйлээр маруухан байгууллага бишгүй л байдаг. Харин хуруу дарам компьютертэй хэдий ч үйлчлэгч, багш, нярав, нябо, дарга даамал гээд хэд хэдэн “хос мэргэжлээр” ажиллаж байгаа энэ төвийн хоёр ажилтныг хараад эднийг жаахан дэмжээд өгдөг ч болоосой гэсэн сэтгэл төрж байлаа.Өдгөө Орон нутгийг Интернэтэд холбох төслийн хугацаа дуусаж байгаа бөгөөд энэ төвийн хувьд дээрх төслийн хүрээнд байгуулагдсан бусад төвүүдийн нэгэн адил цаашид орших уу, эс орших уу гэсэн асуудал тулгараад байгаа билээ. Энэ оны зургаадугаар сарын нэгнээс эхлэн тэтгэлэг зогссон учраас үйлчилгээгээ төлбөртэй (цагийн 600 төгрөг) болгосон байна. Гэсэн хэдий ч 2 сургууль төлбөргүй үйлчлүүлсэн хэвээр байгаа аж. Интернэт холболтын сарын төлбөр нь 800 ам.доллар бөгөөд хэдийгээр төлбөрт үйлчилгээнд шилжсэн ч энэ зардлыг хааж чадахгүй нь ойлгомжтой.

Номын сангаар
Интернэт Мэдээллийн төвийнхэн маань БНОУС-ний гишүүд, дунд сургуулийн багш сурагчидтай уулзалт зохион байгуулахаар бэлдсэн байлаа. Интернэт, и-мэйлийг бодит хэрэглээ болгоход Чойбалсан хотын 2-р сургуулийн захирал Д.Алтанцэцэг ахлагчтай БНОУС-ний орон нутгийн багийнхан багагүй үүрэг гүйцэтгэжээ. Багш, сурагчдын ярьж байгаагаас үзэхэд Интернэт, мэдээлэл холбооны технологи, шинэ мэдээ мэдээллийг бүхнээс чухалчилдаг нь мэдэгдэж байлаа. Үүний тод жишээ нь тус аймгийн V сургуулийн тавдугаар ангийн сурагч Б.Төрхүү (сурагч Б.Төрхүүтэй хийсэн бичил ярилцлагыг сэтгүүлийн ??? нүүрнээс уншина уу) “Интернэт-бидний ирээдүй” хэмээх дууг зохиож, энэ нь хүүхдүүдийн дуулах дуртай дуу болсон байлаа. Хүүхдүүд бидэнд дууныхаа дээжийг өргөж, халуун дотноор ярилцав. Дараа нь бид номын сангийн үйл ажиллагаатай танилцаад гарахад 19 цаг өнгөрсөн байлаа.

Хэрлэн голын хөвөөнд
Үүгээр энэ өдрийн ажил дууссангүй. Биднийг аймгийн номын сан, Интернэт Мэдээллийн төвийнхэн Хэрлэн голын хөвөөнөө урьж, оройн зоог барилаа. Энэ үдэш халуун дотно яриа, хөгжөөн, дуу хуураар дүүрэн байлаа. Дашрамд дурдахад найзуудын маань бэлтгэсэн хорхог “янзын” амттай байсан бөгөөд манай нөхдүүд ч нэлээд идсэн (хурцдаж сүйд болох вий гэж бодсон боловч зүгээр байсан шүү) билээ.

Онгоцны буудал дээр
Цэвэр агаарт нам цохиулж, сайхан амарсан бид буудлын үйлчлэгчээс царай алдан байж, “түүхий” өндөг идсэн болоод, бас дээр нь өглөөний цайны мөнгө нэмж төлөөд онгоцны буудлын зүг яаравчлан одлоо. Онцлон хэлэхэд Дорнодод очсон хүний хувьд Улаанбаатар хот руу буцах онгоцны суудал тавиулна гэдэг бол “маш том” бөгөөд “хэцүү” ажил байдаг юм байна. Чухамхүү энд л “Гуйлгана гэдэг гайхамшиг, гуйна гэдэг гутамшиг” гэдэг үг бодит биеллээ олж, МИАТ-ийн Дорнод аймагт суугаа төлөөлөгч залууг гуйсан, аргадсан хүмүүс л их байж, тэр хүн “Бор гэртээ Богд, хар гэртээ хаан” гэгчийн сүрийг үзүүлж, “Чадаж байгаа юманд арга байхгүйг” нотлон харуулж байсныг онцлох нь зүйтэй болов уу. Сарын өмнө билетээ захиалж, очих, буцах билетээ худалдан авсан бидний хувьд ямар нэгэн асуудал байхгүй гэсэн нь талаар болов. Хамгийн сонирхолтой нь төлөөлөгч Намбатаас учрыг лавлахад бидний суух тасалбаргүй хоцорч байгаа нь тус салбарын компьютер (компьютер нь тааруу учраас холбогдож болохгүй байгаа аж) Интернэтэд холбогдоогүй, Интернэт Мэдээллийн төвийнхөн холбож өгөөгүйд (Интернэт үнэхээр хэрэглээ болсон байна шүү) байгаа ажээ. Энэ нь МИАТ-т ажлын хариуцлага, зохион байгуулалт үнэхээр сул, дороосоо ялзарсныг харуулж байлаа. Билеттэй атлаа суудалгүйн улмаас онгоцны буудал дээр хаягдаж хоцорсон хүний гашуун сургамжаас мэдсэн бид Улаанбаатар хотоос нисэхдээ л МИАТ-ийн ээлжийн зохицуулагч, даргатай “нэлээд ярьж”, асуудлыг зохицуулсан хэдий ч золтой л буудал дээр торойн (мөнгийг нь төлөөд билет худалдан авчихаад байхад суудал нь байдаггүй гэсэн чинь юу гэсэн үг вэ? Суудал байхгүй бол билетээ худалдахгүй байх хэрэгтэй бус уу) үлдсэнгүй. Хот явах танилынхаа суух тасалбарыг “булаах“ холгүй авч (түмэнтээ уучлалт гуйя), арай чүү онгоцондоо суулаа. Гэвч адал явдал үүгээр дууссангүй. Суух тасалбарыг нь авсан хүн маань танилынхаа охиныг Улаанбаатарт байгаа ээжид нь хүргэх үүрэгтэй байж. Ингээд л миний хувьд энэхүү амаргүй албыг гүйцэтгэх болж, манай нөхдүүдийн хувьд танихгүй хүнээр үр хүүхдээ дайж явуулахыг хараад “ухаан алдахыг” шахацгаав. Энэ бол бидний хувьд байдаг л явдал. Харин хэд хоногийн өмнө Улаанбаатар хотоос дайж явуулсан хүүхэд Хэнтийд түр зогсоход Дорнодод ирлээ хэмээн андуурч төөрч үлдсэн байна. Монголчууд бид хэнэггүй гэхэд хэтэрхий хэнэггүй хүмүүс шүү. Ийнхүү уур уцаар, авхаалж самбаагаа шавхан байж, нэлээд адал явдалтайгаар онгоцондоо сууж авлаа. Харин онгоцон дотор том, том “туулайнууд” байсан шүү.

Хэнтийгийн онгоцны буудал дээр
Гэвч онгоц маань Улаанбаатар хот руу шууд ниссэнгүй. Замдаа Хэнтий аймгаар дайрахаар боллоо. Ингээд л цаг орчим нисээд газардлаа. Энд хэдэн минут зогсох нь ч тодорхойгүй байж байтал онгоцны үйлчлэгч эмэгтэй “ачаагаа бушуухан ач, би өлсөж байна, хоолонд ормоор байна” гэхээр нь ашгүйдээ шуурхай нисэх нь гэж баярлатал харин ч онгоцны багийнхан бор ходоодоо борлуулахаар гараад алга болов. Харин бид? Ус уугаад л хэзээ нисэхийг (уг нь хуваарь гэж юм байдаг баймаар санж) нь хүлээгээд сууж байлаа. МИАТ-ийн энэ удаагийн нислэгээр уур уцаар, аргаа барсан нь зөвхөн бид хэд биш бололтой. Хэнтийгээс нэг гадаад хүн суухад яриа өрнөвөл Хөвсгөл явах байтал Хэнтий рүү нисчихсэн, одоо буцаж Улаанбаатар хот руу явахаар зэхэж байгаа аж. Бас л МИАТ-ийн ажлын хариуцлага тэг байгаагийн жишээ. Хэл, бичиг мэдэхгүй хүн андуурч будилж болно, харин шалгадаг, хянадаг хүмүүс нь юу хийдэг байнаа? Үнээ нэмсэн ч үйлчилгээгээ сайжруулдаггүй МИАТ-ийнхэн ядаж л үйлчилгээнийхээ төлбөрт тохирсон үйлчилгээ явуулдаг баймаар юм. Эцэст нь түжигнэж, түжигнэж (хот руу ачаа бараа дайж буй бололтой) нэг юм нийслэл хотын зүг нислээ. Ийнхүү “эсэн мэнд” Улаанбаатар хотноо газардлаа. Дорнодод зорчсон тэмдэглэлдээ үндсэн ажилтай маань холбоогүй иймэрхүү аар саар зүйлийг бичсэнд уншигч таниас хүлцэл өчье. Гэхдээ энэ бол бидний аялалын нэгээхэн хэсэг, магадгүй хамгийн хөгжилтэй хэсэг нь ч байсан байж магадгүй. Ямартай ч бид үзэх зүйлээ үзэж, хэрэгцээт мэдээллээ цуглуулж, туршлагаа солилцож, дүгнэлтээ хийсэн. Ялангуяа Интернэт клубын үйл ажиллагаа бүхний анхаарлыг татсан шүү.

Биднийг Дорнод аймагт ажиллахад гүн туслалцаа үзүүлсэн, хамтран ажилласан Интернэт Мэдээллийн төв, Номын сан, аймгийн захиргаа болон нийт багш, сурагчдад гүн талархал илэрхийлье.

Дараах

Saturday, June 23, 2001

Орон нутгийн Интернэт төвүүдээр зочилсон тэмдэглэл

С.Уянга
Улаанбаатар-Дорнод-Улаанбаатар-Эрдэнэт-Улаанбаатар


Миний бие 1999-2002 онуудад Канадын олон улсын хөгжлийн төв (IDRC-The International Development Research Center)-ийн PANTLEG (PANAsia Telecenter Learning and Evaluation Group) олон улсын багийн гишүүнээр ажилласан юм. Энэ хугацаанд Малайз, Филиппин зэрэг хөгжиж буй орнуудын интернэтийн төвийн үйл ажиллагаанд үнэлгээ хийх, улмаар Монголын интернэтийн төвүүдийн үйл ажиллагааг үнэлүүлэх ажлыг зохион байгуулахад оролцсон билээ. Энэ талаарх цуврал 3 тэмдэглэлийг хүргэе.

Канадын олон улсын хөгжлийн төв, Интернэт ба Мэдээлэл төв, ИнфоКон компани хамтран 2001 оны зургадугаар сарын 23-наас долоодугаар сарын 01-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо PANTLEG олон улсын семинарыг зохион байгууллаа. PANTLEG гэдэг нь Пан Азийн Сүлжээний теле-төвүүдийн сургалт, дүгнэлтийн ажлын хэсэг гэсэн үгийн товчлол бөгөөд энэхүү сүлжээг 1999 онд Ази тивийн хөдөө орон нутагт мэдээлэл холбооны технологийг хэрэглэгчид санаачилсан. Теле-төв гэдэг нь тухайн орон нутгийн иргэдийг компьютер, Интернэт болон бусад нөөц бололцоогоор хангадаг төв юм. PANTLEG сүлжээнээс Азийн хөгжиж буй орнуудын орон нутгийн мэдээллийн зааг, бэрхшээлийг шийдвэрлэх зорилгоор харилцан суралцах, туршлага хуваалцах, Азийн орнуудын хөдөө орон нутагт мэдээлэл, холбооны технологийг хөгжүүлэхэд тохиолдож буй саад бэрхшээлийг даван туулах, шийдэл олох зорилготой жил бүр уламжлал болон зохиогддог энэхүү семинарт багийн гишүүд оролцож, теле (Интернэт) төвүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцдаг. Төслийн баг орон нутгийн амьдрал аж байдлыг дээшлүүлэхэд мэдээлэл, холбооны технологийн гүйцэтгэх үүргийн чухлыг онцлон тэмдэглэж байна. Хүн амын ихэнх хэсэг нь хөдөө орон нутагт оршин суудаг Ази тивийн хувьд тогтсон нэг л хандлагыг хэрэглэх нь хүндрэлтэй юм. Өдгөө өөр өөрийн ач холбогдол, онцлог бүхий хэд хэдэн хандлагууд нэгэнт бий болоод байна. PANTLEG нь Интернэтийн технологийн ач тусыг хөдөө орон нутгийнханд мэдрүүлэх зорилгоор хэрэгжиж байгаа төслүүдийг нэгтгэж, эдгээр төслүүдэд ажиллаж байгаа хүмүүсийн мэдлэг, туршлага солилцоход гүүр, боломж бололцоог хангах гол зорилготой. Үүний тулд PANTLEG багийнхан дээрх орнуудад ээлжлэн айлчилж, хэрэгжиж буй төслүүдтэй танилцаж, тэдгээрийн талаар дүгнэлт гаргаж, цаашдын үйл ажиллагаандаа туршлага болгодог. Энэ удаагийн семинарт Энэтхэг, Монгол, Филиппин, Малайз, Канад зэрэг орнуудын теле төвийн төлөөлөгчид оролцож, манай орон нутгийн Интернэтийн төвүүдээр, тухайлбал, Орхон болон Дорнод аймгуудын Интернэтийн төвүүдээр болон Интернэт ба Мэдээлэл төвөөр зочилж, үйл ажиллагаатай танилцлаа. Төслийн багийнхан Интернэт төвүүдийн ажилтнууд, хэрэглэгчидтэй уулзаж, тухайн орон нутагт тулгарч буй тодорхой асуудлыг шийдвэрлэхэд Интернэт Мэдээллийн төвүүд нь хэрхэн тусалж буйг мөн сонирхож, туршлага солилцлоо. Энэ удаагийн семинар нь өргөн уудам газар нутагтай, хүн ам цөөнтэй, амьдралын хэв маяг, байгаль, цаг уурын байдлаараа Азийн хөгжиж буй орнуудаас эрс ялгаатай манай оронд болсноороо онцлог байлаа. Семинараар өнгөрсөн онд Малайзын Саравакт болсон семинарын тайланг эцэслэн хэлэлцэж, хөдөө орон нутагт мэдээлэл холбооны технологийг хүнийг болоод нийгмийг хөгжүүлэх хэрэглүүр болгон ашиглах талаар онолын асуудлуудыг хэлэлцэж, PANTLEG багийн цаашдын үйл ажиллагааны төлөвийг тодорхойлж, манай Интернэт төвүүдийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлтийг хийсэн билээ.

Оролцогчид:
Renald Lafond, Канадын Олон Улсын Хөгжлийн Судалгааны Төвийн (IDRC) Пан сүлжээний программын группын тэргүүн
Bo Goransson, Канадын ОУХСудалгааны төвийн Мэдээлэл, холбооны техноогийн программын ахлах мэргэжилтэн
Merlita Opena, Филиппины эрүүл мэндийн судалгаа хөгжлийн зөвлөлийн мэдээлэл холбооны программын дарга
Ricardo N.Varela, Филиппины Карага мужийн Шинжлэх Ухаан Технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн
Roger Harris, Малайзын Саравакийн Их Сургуулийн Мэдээллийн технологийн факультетийн профессор багш
Poline Bala, Малайзын Саравакийн Их Сургуулийн багш
Senthil Kumaran, Энэтхэгийн Сваминатаны Судалгааны сангийн мэргэжилтэн
Joseph Loyola, Энэтхэгийн Мэргэжлийн хөгжлийн сангийн нарийн бичгийн дарга
Б.Наранцэцэг, ИнфоКон ХХК-ийн ерөнхий захирал агсан
С.Уянга, Интернэт ба Мэдээлэл төвийн хөтөлбөр хариуцсан ажилтан

Семинарын өдрийн тэмдэглэл
Зургаадугаар сарын 22-23, Баасан, Бямба гараг. PANTLEG олон улсын семинарт оролцогчид Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж, Баянгол зочид буудалд байрлалаа.
Зургаадугаар сарын 24, Ням гараг.Семинарт оролцогчид Монгол Улсын нийслэл Улаанбаатар хоттой танилцах тойрон аялал хийлээ. Баянгол зочид буудлаас гараагаа эхэлж, Гандан Дэгчлэн хийдээр зочилж, Урлагийн музейг үзлээ. Эцэст нь Зайсан толгой дээр гарч, Улаанбаатар хотыг сонирхлоо. Холоос ирж, замын алжаалаа тайлж чадаагүй байсан тэдэнд Улаанбаатар хоттой танилцах аялал сайхан амралт боллоо.
Зургаадугаар сарын 25, Даваа гараг. Өглөө 7.30 цагаас Дорнод руу нислэгтэй байсан тул 6.00 цагт Буянт Ухаагийн зүг зорилоо. Дорнод аймагт ажиллалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг Дорнод аймагт зорчсон тэмдэглэлээс авна уу.
Зургаадугаар сарын 26, Мягмар гараг. Дорнодоос 11.30 цагт нисч, Улаанбаатар хотод 13.00 цагт ирлээ. 15.00-18.00 цагт семинар үргэлжлэн явагдав.
Зургаадугаар сарын 27, Лхагва гараг. 9.00-10.30 цагт хуралдаж, 11.00-12.00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд хэвлэл мэдээллийн 20 гаруй байгууллагын төлөөлөгчид оролцлоо. 14.00-17.00 цагт семинар үргэлжлэн явагдаж, 19.00 цагт галт тэргээр Эрдэнэт хотыг зорилоо.
Зургаадугаар сарын 28, Пүрэв гараг. Эрдэнэт хотод 08.00 цагт ирэв. Эрдэнэт хотын ОНЭТ төв, Канадын олон улсын хөгжлийн төвийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Сансрын холбоогоор дунд сургуулиудыг Интернэтэд холбох” төслийн хүрээнд Интернэтэд холбогдсон Орхон аймгийн IV сургууль болон Эрдэнэт үйлдвэрээр зочиллоо. Улаанбаатар хотын зүг 19.00 цагт хөдөллөө. Дэлгэрэнгүй мэдээллийг Эрдэнэт хотод зорчсон тэмдэглэлээс авна уу.
Зургаадугаар сарын 29, Баасан гараг. 07.30 цагт Улаанбаатар хотод ирлээ. 13.00-17.30 хуралдаж, 18.00 цагаас Түмэн эх чуулгын концертыг үзэж сонирхлоо.
Зургаадугаар сарын 30, Бямба гараг. 08.30-19.00 цагт семинар үргэлжлэн явагдлаа.
Долоодугаар сарын 1, Ням гараг. 09.00-12.00 цагт семинар үргэлжлэн явагдаж, зарим төлөөлөгчид буцлаа.
Долоодугаар сарын 2-3, Даваа, Мягмар гараг. Төлөөлөгчдийг үдэж мордууллаа.