Uyanga Sambuu

Wednesday, May 16, 2007

Технологиос бэрхшээх сэтгэхүй буюу хялбарыг хүндрүүлэхүй...

С.Уянга
МИНИЙ КОМПЬЮТЕР сэтгvvл, 2007 онь № 03 (82)

Ойрмогхон нэгэн өдөр багын найз маань энэ жил 11-р ангиа төгсч буй хүүгээ интернэтээр бүртгүүлэхэд туслахыг гуйлаа. Тэрээр өөрөө компьютер, интернэтийг ашигладаггүйн дээр тэр бүртгэдэг систем нь сайн мэдэхгүй хүнд бол учрыг нь олоход их хэцүү, заримдаа ер болдоггүй гэсэн тайлбарыг дагалдуулав...

Тийм ээ. Их дээд сургуулиудын элсэлтийн шалгалт ойртож, эцэг эхчүүдийн “толгойны өвчин” эхэллээ. Найз бүсгүйн маань ч толгой өвдөж, онлайн бүртгэл бол түүний эхнийх өвчин бололтой. Элсэлтийн шалгалт гэхээр л жилийн жилд л их дээд сургуулиудын үүдэнд үүссэн уртаас урт дараалал, бухимдсан эцэг эхчүүд, шалгалтаасаа илүүтэйгээр сургууль бүрийн үүдэнд “хүлээлтийн горимд” орсноос ядаргаанд орсон хүүхдүүд, бүртгэл хийж буй багш, ажилтнуудын ачаалал, тэдний хүнд суртал, олсон гээсэн бичиг баримтууд гэсэн дүр төрх нүднээ буудаг. Тэгвэл энэ жилийн хувьд ийм байдал үүсэхгүй бололтой, ямартай ч бүртгүүлэх гэж өнжин хонон (өмнөх жилүүдэд МУИС-ийн Эдийн засгийн сургууль зэрэг ихээхэн эрэлттэй сургуулиудын гадаа хонож бүртгүүлдэг гэж ярилцдаг) зогсохгүй нь. Тэгэхээр мэдээллийн технологийг элсэлтийн шалгалтын үйл ажиллагаанд нэвтрүүлсний үр дүн бага ч атугай гарах бололтой. Өнгөрсөн онд багагүй хэл амны бай болсон Боловсролын үнэлгээний төв энэ онд үйл ажиллагаагаа боловсронгуй болгож, www.eec.mn сайтаар дамжуулан бүртгэлийн ажиллагааг хийж байна. Дээр өгүүлснээр найзынхаа хүүг уг системд бүртгүүлж, бүртгэлийн хуудсыг хэвлэж өгөв. Үнэндээ 5 минут хүрэхгүй ажил. Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэлийн системийн үйл ажиллагаа нь тун боломжийн, бүртгүүлэхэд хялбар, хүндрэл бэрхшээл гараад байхааргүй энгийн талдаа юм. Цаг, хөдөлмөр хэмнэсэн сайхан ажил болжээ гэж хэлж болохоор. Гэтэл сургууль, эцэг эхчүүд, багш сурагчид, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн байр суурийг арай л өөрийг өгүүлэх шиг... Эцэг эхчүүд маань бүртгэл хийгдэхгүй байна, гацаад байна хэмээн гомдол эрсээр л... Үүнийг телевиз, радио, сонинууд шүүрч аваад л... Боловсролын үнэлгээний төвийнхний бүтэлгүйг улс даяар шагшин гайхсаар л… Мэдээж аливаа үйл ажиллагаанд дутагдалтай, засч сайжруулах зүйл байлгүй яах вэ? Тэр тусмаа манайх шиг нийт хэрэглэгчдийн хүрээнд авч үзвэл хэрэглэгчдийн компьютерийн хэрэглээний мэдлэг ба туршлага дутмаг, иймэрхүү төрлийн системүүдийн хэрэглээ өдөр тутмын амьдралд нэвтрээгүй учраас бэрхшээл, асуудал үүсэхээс ч өөр аргагүй. Бүртгэлийн системийн талаар хэрэглэгчийн хэлээд байгаа бүрэн бус (үнэндээ бол систем бүрэн ажиллагаатай) ажиллагааны асуудлын гол нь аливаа юмны хугацааг нь дөхмөгц “ухаан ордог” та бидэнтэй, та бидний тэнүүн тал шигээ “уужим” зантай холбоотой. Эцэг эхчүүд маань “Бүртгэлийн хугацаа дөрөвдүгээр сарын 15-нд дуусна, тэгж байгаад бүртгүүлнэ, амжнаа хө” гэсэн бодол өвөрлөнө. Гэвч хугацаа нь дөхөөд ирэхээр хаа байсан дөрөвдүгээр сар хэмээн алгуурлаж байсан бараг л бүх эцэг эх, сурагчид нэгэн зэрэг бужигнана, бүгд л бүртгүүлж эхэлнэ. Энэ онд элсэлтийн шалгалт өгөх бүх хүүхдүүд (энэ хичээлийн жилд зөвхөн 11-р ангийг улсын хэмжээнд 42400 орчим хүүхэд төгсч байгаа) нэгэн зэрэг хандаад ирэхээр Боловсролын үнэлгээний төвийн бүү хэл, ямар ч вэб сайтын ачаалал хэт ихэсч, ачааллаа даахгүй гацахаас ч яах вэ дээ. Уг нь онлайн бүртгэлийн ажиллагаа энэ оны хоёрдугаар сарын нэгнээс эхэлсэн байх юм. Энд л хэрэглэгчийн хэрэглээний соёл, дээр нь хариуцлага дутагдаж байна уу гэмээр. Мэдээж дээр нь технологиос бэрхшээх сэтгэл зүй нэмэрлэгдэнэ.

Үүнээс үүдэн цаашид нийгэм, эдийн засгийн хөгжил, мэдээлэл, холбооны технологийн хөгжил хийгээд нийгмийн эрэлт хэрэгцээ, шаардлагаас үүдэн та бидний амьдрал ахуйд гарах өөрчлөлтүүд, тэр дундаа цахим хэлбэрээр хүргэх нийгмийн үйлчилгээний хүрээнд хэрэглэгчийн үйл ажиллагаа, соёл тойрсон зарим асуудлын талаар саналаа илэрхийлэхээр шийдлээ.

Энэ удаагийн онлайн бүртгэлийн системийг олон нийтэд зориулагдсан вэбэд суурилсан, дээр нь төлбөрийн цахим карт ашигласан эхний систем, эхний оролдлого гэж хэлж болно. Нэгэнт л олон нийтэд зориулагдсан тул түүнийг хэрэглэгчид нь бүгд л компьютер, интернэттэй ажилладаг хүмүүс биш. Энэ утгаараа уг системийг ашиглахад эцэг эхчүүд, багш, сурагчдад технологийн хүндрэлээс илүүтэйгээр сэтгэл зүйн бэрхшээл, бэлтгэлгүй байдал байсан гэлтэй. Чухам л энд энгийн асуудлыг “заан” болгосон дүр зураг бууж байна. Хатуугаар хэлэхэд уг бүртгэлийн системд нэвтэрч үзээгүй захирал, багш нар сурагчиддаа бүртгэлийн мэдээллийг бага зэрэг “хүндрүүлсэн” хэлбэрээр хүргэнэ, түүнийг сонссон хүүхдүүд эцэг эхдээ мөн л тэр байдлаар хүргэнэ. Туршлагагүй, компьютерээс хол эцэг эхчүүдийн хувьд үүнийг нэг л том, нэг л хэцүү ажил мэтээр ойлгож, компьютер, интернэттэй ойр ажилладаг таньдаг хүний эрэлд мордоно. Дээр нь хүүхдийг нь бүртгэж “тусыг” үзүүлсэн хүн нь бага зэрэг шалтгаан зовлон тоочвол хөөрхий эцэг, эхийн хувьд онлайн бүртгэлийн систем нь бүртгэлийн үйл ажиллагааг зохих түвшинд автоматжуулсан, хялбаршуулсан, цаг хугацаа хийгээд хөдөлмөр хэмнэсэн зүйл бус, тун “хэцүүхэн, төвөг удсан, ажил алдуулсан” зүйл болж хувирна. Ийм л сэтгэхүйтэй болсон хүний хувьд ажлаа алдан байж олон цагаар зогсож, магадгүй бичиг баримтаа гээгдүүлэх, эргэж буцан өмнөх жилүүдийн адил бүртгүүлэх, бүртгэлийн хуудас хэмээх зураг бүхий улаахан тамгатай цаасаа ”оригоор” нь гартаа барихыг илүү найдвартай, илүү амарханд тооцно. Энэ нь тухайн хүний хувьд иймэрхүү мэдээллийн болон бүртгэлийн системүүд нь ашиглахад төвөгтэй, биднээс хол гэсэн сэтгэл зүйн бэрхшээлийг улам лавшруулна.

Гэтэл иргэний бүртгэл, даатгал, татвар, эрүүл мэнд, боловсролын чиглэлийн олон тооны мэдээллийн системүүд та бидний өдөр тутмын амьдрал, өдөр тутмын хэрэглээнд нэвтрэхээр шил шилээ даран хүлээж буй. Мэдээж мэдээллийн технологийг нийгэм эдийн засгийн хийгээд хувь хүний амьдралд бодитойгоор нэвтрүүлэхэд техник, технологийн асуудал чухал. Гэвч монголчууд бидэнд эдгээрээс илүүтэйгээр олон нийтийн сэтгэл зүй, хувь хүний хөгжлийн асуудал чухал санагдана. Хичнээн олон өрх компьютертэй болоод, хичнээн сайхан иж бүрэн мэдээллийн системүүд, тэр дундаа нийгмийн үйлчилгээний системүүд боловсруулагдсан байгаад түүнийг ашиглах иргэдийн маань энэ талаарх мэдлэг, чадвар сул, дээр нь технологиос “бэрхшээх” айдас, сэтгэл зүйд хүлээстэй байх аваас бид мэдлэг оюун ухаанд суурилсан нийгмийг цогцлоон байгуулж, төрөөс иргэдэд хүргэх үйлчилгээг мэдээлллийн технологи ашиглан шуурхай, найдвартай, чирэгдэлгүй хүргэх гэсэн зорилгоо биелүүлж чадна гэж үү? Бидний зорилгын биелэл мөн чанараа олох уу? Бид хөгжил өөд тэмүүлэхдээ үүнийг хүссэн гэж үү? Үгүй шүү дээ. Иймээс иргэдийн мэдээллийн технологийн боловсролыг бичиг үсэгт тайлагдахын нэгэн адилаар чухлаар үзэж, энэ тал дээр анхаарлаа хандуулмаар, хандуулах цаг нь ч болж, магадгүй нийгэм өөрөө шаардаж байна гэж сануулаад байх шиг...