Uyanga Sambuu

Wednesday, March 15, 2006

Хүнийг “технологи” гэж үзвэл эн түрүүнд түүнийг л өөрчилье

С.Уянга (PhD)
Korea University, South Korea

Mиний бие Өмнөд Солонгосын Ахисан шатны судалгааг дэмжих сангийн тэтгэлгээр Кореа Их Сургуулийн Компьютер, мэдээллийн шинжлэх ухааны тэнхимд 2005 оны намраас зочин профессорын орон тоон дээр судалгааны ажил хийж байна. МХТ-ийн мэргэжилтэн бэлтгэдэг халуун тогоонд байгаа хүний хувьд зарим нэгэн мэдээллийг хүргэж, санал бодлоо уншигчидтайгаа хуваалцъя гэж бодлоо.


Өмнөд Солонгосын Кореа их сургууль бол 100 жилийн түүхтэй, нэр хүндтэй хувийн том сургууль. 2005 оны байдлаар 2456 факультет, 70000 гаруй оюутантай, дэлхийн 48 орны 384 их сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж байна. Энэ сургуульд манай улсаас олон багш ажиллаж, цөөнгүй хүн суралцаж байсан, одоо ч суралцдаг байх. Харин миний ажиллаж буй Шинжлэх ухаан технологийн сургуульд өмнө нь сурч, ажиллаж байсан хүн үгүй. Энэ сургууль бол Солонгосын технологийн хурдацтай хөгжилд асар их үүрэг гүйцэтгэж байгаа, Samsung, LG зэрэг том компаниудын ТОП мэргэжилтнүүдийг бэлтгэдэг сургууль. Мэдээллийн статистик, Мэдээллийн шинжлэх ухаан, Электроник ба мэдээллийн инженерчлэл, Мэдээлэл ба математик, Дэлгэц/хагас дамжуулагч, Биомэдээлэлзүй, Хүрээлэн буй орчны мэдээллийн инженерчлэл, Хүнс ба биотехнологи зэрэг 11 тэнхимтэй.

Компьютер, технологийн талаар өгүүлэхээс илүүтэйгээр Солонгос орны технологийн хурдацтай хөгжил, магадгүй тус улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндэс болсон хүний хөгжил, тэр дундаа солонгос хүний сэтгэлгээний талаар өгүүлэхийг зорилоо. Үүнийг маш энгийн зүйлээр тайлбарлахыг оролдъё. Магадгүй уншигч та Монголын их, дээд сургуулиудыг ажиллаж байгаа сургуультайгаа харьцуулбал, давуу тал болон сул тал мөн суралцах зүйл хэр их байна? хэмээн эн түрүүнд асуух буй заа. Нэг бүрчлэн харьцуулан бодож үзсэнгүй. Мэдээж сургалтын орчин, материаллаг бааз, багш оюутнуудын нийгмийн үйлчилгээ, сургалтын чанар гээд л олон зүйлээр манай их дээд сургуулиудаас эрс давуу. Дотуур байр, компьютерийн лаборатори, хичээлийн анги танхим, спорт заал, уншлагын танхим, номын сан зэрэг нь багш, оюутнуудыг сурч, ажиллах боломжоор бүрэн хангасан. Харин одоогоор тийм гээд хэлчихээр учиргүй сул тал нүдэнд тусаагүй л байна. Бидэнд суралцах зүйл их байна уу? гэвэл, тийм ээ байлгүй яах вэ? Наад зах нь багшийн ажлын хариуцлага, багаар ажиллах ур чадвар, сургалтын орчин, сургалтанд орчин үеийн технологи ашиглах гээд л... Тэр бүхний дундаас бидний цөөхөн монголчуудын гол санаа авахууштай зүйл нь солонгосчуудын эх орон, ажил, сургуулиараа бахархах сэтгэл. Миний ажигласнаар сургуулиараа бахархах сэтгэл, бахархал энд ажиллаж байгаа хүн бүрт, багш бүрт, сурч байгаа оюутан бүрт, үүдний жижүүр өвөөгөөс сургуулийн захирал хүртэл, будаг нь ханхалсан шинэхэн оюутнаас үсэнд нь буурал сор суусан профессор хүртэл, бүх хүнд байдаг юм байна. Уншигч авгай та сургуулиараа бахархах сэтгэл гэдэг асуудлыг юунд онцлон дурдана вэ хэмээн гайхаж магад. Энэ бол сонсох, хэлэхэд онцын чухал зүйл биш мэт боловч хамгийн үнэт зүйл гэдгийг энд алхам тутамдаа мэдэрч байгаагаа онцлон дурдмаар байна.

Өнөөг хүртэл бид сургалтын орчин, тодруулбал, байр сав, сандал ширээ зэрэг материаллаг зүйлст дэндүү ихээр санаа тавьж ирсэн. Харин хамгийн чухал зүйл болох хүний хөгжлийн асуудал, тэр дундаа багш, оюутнаа таг мартчихсан гээд хэлчихвэл нэг их буруудахгүй болов уу. Ажиллаж, сурч байгаа сургуулиараа бахархана гэдэг бол хамгийн давуу тал, амжилтын үндэс нь байдаг юм байна. Сургуулиараа бахархаж байж удирдлага, захиргааны болон үйлчилгээний ажилтнууд ажилдаа хариуцлагатай байж, тэр хэрээр ажлын бүтээмж өндөр, урагштай байдаг юм байна. Хэзээ ч “за яах вэ дээ” гэсэн өдөр өнгөрөөсөн сэтгэлгээ, хувийн эрх ашгийг дээгүүр тавьсан асуудал энд байхгүй, энд гарахгүй. Үүний нэгэн адил сургуулиараа бахархаж буй багш хүний хувьд мөн л “болохгүй бол гайгүй цалинтай хувийн сургуульд орчихно” гэдэг ч юм уу, өнөөдөр манайд хэвшил болсон “үндсэн” ажлаа “үндсэн” ажлынхаа зав зайгаар хийх ойлголт байхгүй, сургалт эрдэм шинжилгээний ажилд хамаг анхаарлаа хандуулдаг, үүний хэрээр сургалтын хийгээд эрдэм шинжилгээний ажил маш өндөр түвшинд явагдана. Үүний нэг тод жишээ бол тэнхмийн долоо хоног тутмын эрдэм шинжилгээний семинар. Тодорхой хуваарийн дагуу явагдах уг семинар нь оюутнуудын хувьд төдийгүй, багш нарын хувьд тун чухал ажилд тооцогддог. Илтгэгчийн тавьсан илтгэлийг бүх талаар шүүн хэлэлцэж, санаа оноогоо чөлөөтэй солилцоно. Оюутнуудын илтгэл гэхэд л нэлээд “чанга”, зарим нэг илтгэл нь манайхаар бол курсын ажил, хэтрүүлбэл муухан дипломын ажлын дайтай байх нь бий. Тэнхмийн семинарт тавигдах илтгэлийн сэдвээс хамааран зарим үед өөр тэнхмийн багш оюутнууд оролцож, ухаан бодлоо уралдуулдаг. Оюутнуудын хувьд мөн л “болохгүй бол жилийн чөлөө авна, өөр сургуульд шилжинэ, тэр багшийн дүнг компанийн босс ахаараа яриулаад тавиулчихна” гэсэн зүйл байхгүй, сая сая хүний дунд хүн шиг амьдрахын тулд сурах үйл хэрэгтээ үнэн сэтгэлээсээ хандана. Дээр дурдсан бүх зүйлс нь энэ сургуульд элсэж орсондоо, багтаж ажиллаж байгаагаараа бахархах сэтгэлтэй салшгүй холбоотой. Энэ нь сургуулийн эмблемтэй хувцас өмсөх, тэмдэг зүүхээс өгсүүлээд жижиг гэлтгүй маш олон зүйл дээр ажиглагддаг. Хэрэв та оюутан байгаад за яах вэ, мөнгөөр худалдаж авахаа болъё. Сургуулиас тань “Монгол улсын их сургууль” гээд л томоос томоор сургуулийн нэрийг бичсэн, логотой хувцас тавьж өгвөл та түүнийг хотын төвөөр болон хаа зайгүй өмсөж явах байсан уу? Үгүй л болов уу. Яагаад гэж асуувал хариулт нь тун энгийн: шараа ш дээ, форм өмсч яах юм бэ? гэдэг ч юм уу, эсвэл шууд онигоонд орно гэх болов уу. Тэгвэл энд бүх оюутнууд сургуулийн дэлгүүрээс ‘Korea University” гэсэн бичигтэй, тус сургуулийн лого болох ангайж буй барын дүрстэй хувцсыг худалдан аваад хаа зайгүй өмснө. Тэр ч бүү хэл, сургуулиас зохион байгуулж буй уралдаан тэмцээн зэрэгт багш, сургууль төгсөгчид нь хүртэл сургуулийнхаа хувцсыг өмсөж ирээд л хөгжөөн дэмжинэ.

Бас нэг онцлон дурдах зүйл бол сургууль, сургууль төгсөгчдийн холбооны асуудал. Өнөөдөр манайд сургуулийн тэмдэглэлт ойн үеээр л төгсөгчид төгссөн сургуулиа санаж, сургуулийн зүгээс “төгссөн нь үнэн” гэдгийг “маш сайн” сануулж дөнгөдөг. Энэхүү “хязгаарлагдмал” буюу “сонирхлын” хамтын ажиллагаа нь сургууль хөгжүүлэх санд хандив өргөх төдийхөн байдаг бол энд арай өөр байдаг юм байна. Дээр би Кореа Их Сургуулийн Шинжлэх ухаан технологийн сургууль нь Солонгосын МХТ-ийн ТОП компаниудын боловсон хүчнийг бэлтгэдэг хэмээн өгүүлсэн. Төгсөгчид сургуультайгаа байнгын холбоотой байж, өөрийн ажилладаг компанидаа хэрэгжүүлж буй бодлого, судалгааны хийгээд технологийн төслүүдэд сургуулиа, багш, оюутнуудаа татан оролцуулдаг, жилдээ 3-4 удаа төрөлх сургуульдаа зочилж, багш оюутнуудтайгаа халуун яриа өрнүүлдэг. Өнгөрсөн хугацаанд миний бие иймэрхүү уулзалтанд хэд хэдэн удаа орсон. Энд том зааланд проектор зоогоод илтгэл тавихын зэрэгцээ ширээ тойрон сууж, “халуун ам бүлээрээ” хооллонгоо сожу архиа уун хамаг л нарийн нандин гэснээ ярьдаг, багш профессор нартайгаа зөвлөдөг бололтой. Магадгүй энэхүү “тасардаггүй” бат бөх холбоо нь нэг талаар сургуульдаа төсөвт ажил олгож санхүүгийн асуудалд дэмжлэг үзүүлэх, нөгөөтэйгүүр ирээдүйн төгсөгчдөө ажлын байраар хангадаг, цаашилбал та бидний хувьд бий болгож чаддаггүй ч, бичиж ярих дуртай сургалт-үйлдвэрлэл-судалгаа шинжилгээний ажлыг төвлөрүүлэн зангидаж, ирээдүйн инженер технологийн ажилтнуудыг онол болон практикийн хувьд бүрэн бэлдэх, зах зээлд хөрвөх чадвартай, зах зээлийн эрэлт хэрэгцээг бүрэн хангаж чадах мэргэжилтэн бэлтгэх гол үндэс болдог болов уу. Нэмж хэлэхэд надад таалагдсан бас нэг зүйл бол төгсөгч нь хичнээн том компанийн захирал, хичнээн чухал алба хашдаг байгаад ч багш профессорынхоо өмнө бол оюутан хэвээрээ, маш хүндэтгэлтэй харьцдаг нь таалагдсан. Харин манайд бол тахир гурвын тоо хүзүүнээс зүүж дэгэн догон төгссөнөө таг мартчихаад жип хөлөглөн ядруухан муу багшийгаа дайрчих шахам л өнгөрөх нь бий.

Надаас МУИС-ийн мэдээ сонины сэтгүүлч Алтанзул “Та солонгос монгол оюутнуудын хоорондын ялгааг анзаарав уу?” хэмээн нэгэнтээ асууж билээ. Оюутнуудын бужигнаан дунд олон жил явсан хүний хувьд мэдээж анзааралгүй яах вэ. Хараад байхад эндхийн оюутнууд маш шургуу, ажилсаг гэх үү дээ. Арга ч үгүй байх, бидэн шиг 2.7 сая хүний дунд бус, 40 гаруй сая хүний дунд асар их өрсөлдөөнтэй нийгэмд “живэхгүйн” тулд байр сууриа олохын тулд суралцах, хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийг анхнаасаа яс махандаа шингэтэл мэдэрсэн байдаг болов уу. Бодвол шоудаад явдаг, залхуу оюутнууд бас байдаг л байх. Манай лабораторийн оюутнуудаар жишээ авахад компьютерийн лабораторидоо амьдардаг гэж хэлж болно, илүү өрөөндөө эвхдэг ор, хөнжил дэвсгэрээ тавиад л өнжин хонон ажиллана. Ширээгээ дэрлээд унтаж байх нь энүүхэнд. Мэдээж тодорхой төсөл дээр ажиллаж буй оюутнуудын хувьд сургуулиас персональ компьютерээр хангадаг. Гэвч үүний зэрэгцээ оюутан бүр өөрийн компьютертэй. Ялангуяа сүлжээ, утасгүй холбооны чиглэлээр ажиллаж буй зарим оюутан хувиараа сэлбэг авч компьютер нэмж босгон 2-4 компьютер дээр ажиллах жишээтэй. Ахлах курс, магистр болон докторантурт сурч буй оюутнууд нь бусдыгаа дагалдуулан сургадаг, заадаг, сурч мэдсэнээ их хуваалцдаг юм билээ. Дээр нь чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлдэг, урлаг спортоор хичээллэдэг. Оюутны холбооны зүгээс ч энэ талаар их ажил хийдэг бололтой юм билээ. Энэ нь дээр дурдсан оюутанд үзүүлэх нийгмийн үйлчилгээтэй холбоотой юм даа. Үнэхээр сурах орчныг нь бүрдүүлсэн хойно сурахаас өөр юу хийх вэ дээ. Наад захын жишээ гэхэд мэргэжлийн ангийн оюутнуудын дунд зохиогддог технологийн бүтээлийн уралдаан. Сургуулийн коридорт хэдэн хоногоор үзэсгэлэн гаргаж, оюутнууд өөрсдийн бүтээлээ багш, оюутнууддаа танилцуулна. Эдгээр бүтээлүүдийн дотор гар утсаар төлбөр хийх тооцооны систем, дүрс таних програм хангамжаас өгсүүлээд төрөл бүрийн зориулалтын жижиг роботууд, тэр ч бүү хэл гуманойд хэлбэрийн робот ч харагддаг. Энэ бүхнийг хараад “эдгээрт ашиглагдаж буй микросхем, эд ангиуд нь элбэг байсан бол манай оюутнууд ч эднээс дутахгүй дээ” гэсэн бодол төрдөг. Гэтэл манай оюутнуудад ийм боломж, нөхцөл байхгүй шүү дээ. Иймээс л оюутнуудын маань хувьд “суралцах үйл хэрэг” нь хоёрдугаарт тавигдаж, түүнээс илүүтэйгээр өөр олон арван ажил, проблем чухал байдаг санагддаг. Наад зах нь автобус унааны мөнгөнөөс эхлэн толгой өвдөнө. Компьютер, интернэт бүү хэл, номын сан дахь сурах бичиг нь хүрэлцээгүй байхад яаж багшийн лекц, сурах бичгээс илүү гарах вэ дээ. Энэ мэтчилэн өгүүлээд байвал оюутны амьдрал, мэдээллийн технологи тойрсон олон асуудлууд байна.

Тэгвэл бидний хувьд байдал ямар байна вэ? Нийгэм маань, боловсролын тогтолцоо маань анхнаасаа л “нэг” биш байгаа, иймээс ажлаа сайн хийдэггүй захирал, хэдэн төгрөгөнд нь болж хувийн сургуульд давхар хичээл заагаад үе үе хичээл тасалчихдаг, эсвэл хувиараа компани байгуулаад бизнестээ хамаг цагаа зарцуулж буй багш (энд дурдахад би ч багшлах ажлынхаа хажуугаар МХТ-ийн чиглэлийн төсөл дээр давхар ажилладаг), хичээлээ хийдэггүй оюутнуудад ч буруу өгөх арга алга. Багш оюутны нийгмийн үйлчилгээний хувьд хэмжиж болдог бол бидний хувьд хамгийн доод түвшинд байна. Иймээс энэ байдлыг өөрчлөхийн тулд боловсролын тогтолцоог зоригтойгоор өөрчилье, шинэчилье, хэрэв хүнийг “технологи” гэж үзвэл эн түрүүнд түүнийг л өөрчилье. Энэ талаар миний бие Ерөнхий сайд асан Ц.Элбэгдоржийн “Боловсрол, эрүүл мэндээ өөд татахгүйгээр хөгжлийн талаар ярих ямар ч бололцоогүй” гэсэнтэй санал нийлдэг.
Эцэст нь хэлэхэд бид МХТ-ийг хөгжүүлнэ, нийгэм эдийн засгийг хөдөлгөгч хүч болгоно, цаашид Азидаа эхний аравт орно гэж ярьдаг. Ингэж ярьснаар байдал өөрчлөгдөх үү? Үгүй л болов уу. МХТ-ийн салбарын хүний нөөцийн асуудалд анхаарлаа хандуулъя. Бид боловсролын салбарыг бүхэлд нь шинэчилж чадахгүй юм гэхэд салбарынхаа боловсон хүчний асуудалд анхаарлаа хандуулъя, боломжоороо өөрчлөх гээд үзье. Дээр дурдсан сургуулиараа, мэргэжлээрээ бахархах бахархлыг бий болгох ажлыг МХТ-ийн мэргэжлийн элсэлтийг босго өндөртэйгөөр, шударгаар явуулах, багш нартаа тавих шаардлага, шалгуурыг өндөх болгох, багш оюутнуудын нийгмийн асуудалд анхаарах, удирдлагын арга барилыг өөрчлөх зэргээс эхэлмээр санагдана.